ЕБС-ийн 25 мянган багш зөөврийн компьютертэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-09 14:59:01

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр багш нэг бүрт зөөврийн компьютер гардууллаа.

Нийт 25 мянган ширхэг зөөврийн компьютерыг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерын лабораторийг сургууль бүрт олгож байгаа юм.

Үүнээс гадна аймгийн төвийн 55, нийслэлийн 97, сумын 473, нийт 625 сургууль, 271 эмнэлэг шилэн кабель бүхий интернэтэд холбогдох юм. Ингэснээр сургач, багш бүр хоорондоо мэдээлэл түргэн шуурхай дамжуулах, е-контентуудыг сургалтдаа өргөнөөр хэрэглэх боломж бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг шинэчлэн баталж, зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулснаар энэхүү түүхэн хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн гэдгийг салбарын яамнаас онцолж байна.

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцов.

Тэрбээр хэлэхдээ, 2015 оны Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг "Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье" уриатай тэмдэглэсэн. Монгол Улсын Засгийн газрын  бодлого чиглэл энэ чиг хараатай нэгэн зүгт байж, багш, сургууль, хүүхэд бүрээ дэмжин ажиллаж буй. АНУ-ын Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Хейкмэний багийн хийсэн “Ирээдүйд чиглэсэн шийдлийг санхүүжүүлэх нь” сэдэвт судалгааны үр дүнд чанартай боловсролыг хүүхэд бүрт хүргэхэд зориулсан хөрөнгө оруулалтын нэг доллар эргээд 13 доллар болж өсдгийг баталсан байдаг. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ төсөл 13 доллар байтугай өсч, хөгжил, үр дүн авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

1996 онд би анх зөөврийн компьютертэй болсон нь дурсамжтай сайхан өдрүүдийн нэг байсан. Ийм сэтгэгдэл өнөөдөр эх орны маань өнцөг булан бүрт ажиллаж буй багш нарт төрж байгаа гэдэгт итгэлтэй байна. ЕБС-ийн багш нарт зөөврийн компьютер гардуулах энэ ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын эхний өдөртэй давхцаж байна. Монгол Улсын Засгийн газрын улс үндэстнийхээ цаашдын хөгжлийн төлөө гаргасан чухал шийдвэр болох багш бүрт зөөврийн компьютер, сургууль бүрт суурин компьютерын лаборатори олгох мөн шаардлагатай дэд бүтцийг бий болгох энэ ажил БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байна.

Багш нар зөөврийн компьютертэй болсноор сургалтын чанар, стандартыг цоо шинэ тавцанд гаргана гэдэгт итгэлтэй байна. Монголын боловсролын салбарын хөгжлийн түүхэнд цоо шинэ сүлжээ, цоо шинэ боломж өнөөдрөөс бий болж байна. Улаанбаатар хот, орон нутаг, хязгаар нутагт ажиллаж буй багш нарын ажиллах нөхцөл, ялгаатай байдал энэ сүлжээ, техник технологийн үр дүнд арилна. Улс орон даяар сурагч хүүхдүүд маань чанартай сургалтыг тэгш хүртэх бололцоо нээгдэж байна” хэмээн онцоллоо.

Мөн БСШУ-ы сайд Л.Гантөмөр болон тус салбарын үе үеийн сайд нарт, тус яамны хамт олонд, БНХАУ-ын Засгийн газарт, тус улсын Элчин сайдын яамны хамт олонд Монголын нийт багш нар, сурагчдын өмнөөс Ерөнхий сайд талархал дэвшүүлээд ерөнхий боловсролын бүх сургуулийг ухаалаг самбартай болгох ажлыг энэ төслийн үргэлжлэл болгон хэрэгжүүлнэ гэдгээ хэллээ.  

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ