Зам засварын ажил ирэх лхагва гарагт дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-25 15:55:42
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын насжилтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэл ихээр үүсэж иргэд, зорчигчдыг бухимдуулах болсон. Уг замын засвар арчлалтыг хариуцдаг “Дархан АЗЗА” ТӨХК нь Дархан Улаанбаатар чиглэлийн авто замын эвдрэлийг цаг тухай бүрт нь засварлаж ирсэн.

Энэ жилийн засвар арчлалт 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн 187км-188км-т эхэлжээ. Засварын ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат танилцаж 09 дүгээр сарын 27 гэхэд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 187км-188км-т ээлжит засварын ажлыг дуусгах үүргийг өглөө.

Замын эвдрэл гэмтлээс шалтгаалан автомашинд эвдрэл учрах, цаашлаад осол аваар гарч иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох асуудал гардаг.Жил бүр засвар арчилгаа хийдэг үндсэн замын насжилт дууссан.Дахин шинээр авто замын барихгүй бол жил бүр нөхөөс хийж мөнгө зарлагаддаг байдлыг иргэд ихээхэн шүүмжилдэг.Улаанбаатар-Дархан чиглэлийн хамгийн их эвдрэл гэмтэлтэй хэсэг нь Хустайн давааны хоёр тал, Цайдамын хөндий орчим багтдаг.Замын эвдрэл гэмтэл урин дулааны цагт зорчин явагчид ихэссэн үед хамгийн их болдог тухай “Дархан-АЗЗА” компанийн төлөөлөл хэлж байлаа.
Энэ удаад хамгийн их эвдрэл гэмтэлтэй хэсгийг нэн түрүүнд засварлахаар ажиллаж байна. Иймд иргэд, зорчигчид авто замын нөхцөлд тааруулан тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ