Баянхошууны хүүхдүүд “Бяцхан найз” номын сантай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-09-28 10:21:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхошууны хүүхэд багачуудад зориулж 1000 орчим номтой "Бяцхан найз" хүүхдийн номын сан нээлтээ хийсэн байна.

Солонгос /БНСУ/, Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэг тус дүүрэгтэй хамтран Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо болон энэ орчмын багачуудад чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөх сайхан боломжийг гаргаж өгчээ.



Хотын захын дүүрэгт амьдарч байгаа хүүхэд багачуудыг сурч боловсрох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд “Бяцхан найз” номын сан чухал ач холбогдолтой хэмээн багш, эцэг, эхчүүд талархаж байгаа юм. Номын сангийн барилга 7х14 метр хэмжээтэй бөгөөд нэг ээлжиндээ 25 хүүхдэд үйлчлэх боломжтой. Цаашид номын сантай цэцэрлэгт хүрээлэн болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.



Солонгос Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэг 2012 онд Чингэлтэй дүүргийн Хайлаастад “Мөрөөдлийн номын сан”-г байгуулсан туршлагатай. Мөн байгаль орчин, нийгэм соёл, боловсролын салбар тэр дундаа хүүхдэд чиглэсэн олон үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг байгууллага юм. Цаашид хүүхдийн боловсрол, хүмүүжилд чиглэсэн сайн үйлсийн аянаа үргэлжлүүлж хэд хэдэн номын сан байгуулаад зогсохгүй номын сантай цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар төлөвлөөд байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ