НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хуралдаанаар Мьянмар улсад үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-29 10:16:13
НҮБ. /ТАСС/. Мьянмарын эрх баригчид тус улсын Ракхайн мужид угсаатны цэвэрлэгээ үйлдээгүй бөгөөд уг бүс нутагт рохинжа хүмүүсийг аймаглан устгаж байгаа тухай мэдээлэл нь ор үндэсгүй худал зүйл гэж  Мьянмарын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан төрийн зөвлөх Тхаунг Тун пүрэв гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Мьянмарт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцсэн нээлттэй хуралдаан дээр мэдэгдсэн тухай Оросын ТАСС агентлаг мэдээлэв.
 
“Мьянмарын эрх баригчид хүний эрхийг хүндэтгэдэг. Үүнд бүрэн итгэлтэй болохын тулд манай улсад айлчилж, нөхцөл байдалтай биечлэн танилцана уу хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас хүсч байна” гэж Тхаунг Тун хэлсэн байна.
 
Тэрээр Ракхайн мужид "шийдвэрлэх шаардлагатай ноцтой нөхцөл байдал үүссэнийг" хүлээн зөвшөөрөөд, сүүлд гарсан хүчирхийллийг “Рохинжа-г аврах Араканы армийн” зэвсэгт этгээдүүд өдөөн хатгасан болохыг ойлгохыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдээс хүсчээ.
 
"Эрх чөлөөтэй болох, хүний эрхийг хүндэтгэдэг нийгэм байгуулахын төлөө удаан хугацаанд хүчин чармайлт тавьж ирсэн Мьянмарын ард түмэн аймаглан устгах, угсаатны цэвэрлэгээ хийх бодлогыг хэзээ ч дэмжихгүй. Манай улс гүтгэлгийн бай болж байна. Ракхайн мужид зэвсэгт мөргөлдөөн болон цэргийн ажиллагаа есдүгээр сарын 5-нд зогссон” гэж Тханг Тун онцлон тэмдэглэв.
 
НҮБ-д сууга Бангладешийн байнгын төлөөлөгч Масуд бин Момен НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр хэлэхдээ “Ракхайн мужид мөргөлдөөн зогсоогүйгээр барахгүй Мьянмарын арми рохинжа хүмүүсийг Бангладешээс нутагтаа буцахад нь саад учруулахын тулд хоёр улсын хилийн зарим хэсэгт мина тавьж байна” гэжээ.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хуралдаан дээр илтгэл тавихдаа “Ракхайн мужийн нөхцөл байдал хүмүүнлэгийн аймшигт доройтол болж хувирсан тул дэлхийн хамтын нийгэмлэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм” гэж цохон тэмдэглэжээ.
 
Л.Батбаяр

Холбоотой мэдээ