Умард Солонгос халуун цөмийн цэнэгт хошуу турших шинжтэй байна гэж мэдээлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-30 11:18:57
ТОКИО. /Спутник/. Умард Солонгосын эрх баригчид Пхеньян дахь үйлдвэрээс тив алгасагч хэд хэдэн баллистик пуужин зөөн гаргасан нь Номхон далайд халуун цөмийн цэнэгт хошууны туршилт явуулахад бэлтгэж буйн шинж байж магадгүй юм гэж Өмнөд Солонгосын нөлөө бүхий “Тона ильбо” сонинд бямба гарагт мэдээлсэн тухай Оросын Спутник агентлаг уламжлав.
 
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын эх сурвалжийг иш татан дээрх сонинд мэдээлснээр, Пхеньяны Саным-дон дүүрэгт байрлах зэвсгийн хүрээлэнгийн үйлдвэрээс хэд хэдэн пуужин зөөн гаргасан аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сүрдүүлгийн хариуд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун урьд өмнө үзэгдээгүй арга хэмжээ авч, Номхон далайд халуун цөмийн цэнэгт хошуу туршиж ч магадгүй юм гэж Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ли Ён Хо саяхан Нью-Йоркт мэдэгдэж байсантай пуужингийн зөөвөрлөлтийг "Тона ильбо" сонин холбож байна.
 
Солонгосын хөдөлмөрийн нам байгуулдсаны ойг тохиолдуулан БНАСАУ цөмийн ба пуужингийн шинэ туршилт явуулж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын эрх баригчид үзэж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ