Бага оврын трактор олголт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:41:29

Дархан-Уул аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын трактор түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгох ажил үргэлжилж байна.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авч, малчид болон тариаланчдад худалдаж байгаа. Энэхүү бага оврын тракторын үнэ нь таван сая төгрөг бөгөөд урьдчилгаа 20 хувь буюу 1 сая төгрөгийг нь төлөөд, үлдэгдэл дөрвөн саяыг нь дөрвөн жилийн хугацаанд тэнцүү хувааж төлөх боломжтой болжээ.

Харин хадуур,тармуур болон анжисыг нийтэд нь 1,5 сая төгрөг төлөөд авах боломжийг бүрдүүлсэн. Тус аймгийн газар тариалан эрхлэгчид бага оврын энэхүү техник хэрэгслийг худалдаж авахаар аймгийн Засаг даргын болон Хүнс, Хөдөө аж ахуйн газраас тодорхойлолт авч урьдчилгаа төлбөрөө “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д өгч техникээ авсаар байна.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд