Хятадад ажиллаж байсан Умард Солонгосын иргэд олноороо нутаг буцаж байгаа ажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-10-03 13:05:35
СЕУЛ. /ТАСС/. БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид тус улсад ажиллаж буй Умард Солонгосын иргэдэд виз олгох, сунгах журмыг чангатгасан тул умард солонгосчууд олноороо эх орондоо буцаж байна гэж Өмнөд Солонгосын мэдээллийн ЁНХАП агентлаг Бээжин дэх өөрийн эх сурвалжийг иш татан мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
“2017 оны эхний хагаст БНАСАУ-тай залгаа хил дээр оршдог Даньдунь хотод л гэхэд Умард Солонгосын 20 орчим мянган иргэн ажиллаж байсан боловч Хятад улс хоригоо чангатгасны улмаас одоо тэдний тоо ихээхэн цөөрөөд байгаа аж. БНАСАУ-ын олон иргэн Даньдунь хотын төмөр замын өртөө болон гадаадын иргэн, харьяатын албаны байранд эх оронд нь буцаахыг хүлээж байна” гэж дээрх агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.
 
ЁНХАП агентлагийн мэдээлснээр, есдүгээр сарын 12-нд БНХАУ-ын эрх баригчид БНАСАУ-ын иргэдэд олгосон визийг сунгахгүй байх болон шинээр виз олгох журмыг чангатгахаар шийдвэрлэсэн аж. Түүнээс гадна Хятадад үйл ажиллагаа явуулж буй БНАСАУ-ын болон түүний иргэдийн эзэмшлийн бүх компанийг 120 хоногийн дотор хаах тухай тушаал есдүгээр сарын 28-нд гарсан билээ. БНАСАУ-ын эрх баригчид НҮБ-ын тогтоолыг зөрчин есдүгээр сарын 3-нд цөмийн туршилт хийсний хариуд Бээжин дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.
 
Гадаадын улс орнуудад БНАСАУ-ын нийт 100 гаруй мянган иргэн ажиллаж, цалингийнхаа ихэнх хэсгийг улсынхаа төсөвт шилжүүлж байдаг юм. Ажиглагчдын үзэж байгаагаар, үүнээс Умард Солонгост жилд 500 сая орчим ам.доолларын орлого ордог аж.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ