Монгол хэл бичгийн жишиг танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-05 08:18:35
Хөвсгөл /МӨРӨН/ Мөрөн сумын төрөлжсөн сургалттай Авьяас сургууль МУСГЗ зохиолч, сэтгүүлч Д.Сүрэнжавын санаачлагаар түүний нэрэмжит монгол хэл бичгийн төрөлжсөн жишиг танхимтай болж нээлтээ хийлээ. МУСГЗ зохиолч, сэтгүүлч Д.Сүрэнжав нь Хөвсгөл найраглалаараа олонд алдаршсан яруу найрагч бөгөөд хүүхэд залуус хойч үедээ үндэсний хэл соёлоо дээдлэн суралцах орчинг бүрдүүлэх зорилгоор хувиасаа 5 сая төгрөгийг гарган тус ангийг иж бүрэн тохижуулжээ. Монгол хэл бичгийн жишиг танхимд хоймор нутгийн уран бүтээлчдийн танилцуулга, уран бүтээлүүдээс дэлгэн тавьж сурагч бүр эх, хэл бичгээ дээдлэн суралцахыг монгол бичгээр уриалан бичсэн байна. Танхимын нээлтэн дээр түүний “Хөвсгөл” найраглалыг сурагчид бүрэн эхээр нь цээжээр уншиж цаашид эх хэлээ судлан суралцах жишиг танхимтай болсондоо талархаж буйгаа илэрхийж байлаа. Монгол орны хойморт орших Хөвсгөл нутгийг магтан дуулсан “Хөвсгөл” найраглалыг тус нутгийн балчираас ахмадууд хүртэл бүгд бахархан уншдаг олны талархал хүлээсэн бүтээл ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ