Бразилийн хүүхэд асрах газар галд өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-10-06 11:29:42
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АП/. Бразилийн хүүхэд асрах газарт хамгаалалтын албаны ажилтан нь гал тавьсны улмаас 4 хүүхэд, 1 багш амиа алдсан тухай "Ассошиэйтед Пресс" агентлаг мэдээллээ. 

Уг эрэгтэй Минас Жерайс мужийн Жанауба хотод байрлах байшинд өөрийгөө шатаасан байна гэж цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Энэхүү аймшигт явдлыг гаднаас нь шууд дамжуулан үзүүлж байсан бөгөөд мэдээ тасалдах үед эцэг эхчүүд сандралдан хашгирч орилолдож байжээ.

4-5 настай хүүхдүүд голдуу 24 хүн галд түлэгдсэний улмаас орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж байна. Зарим өвчтөнийг тус мужийн нийслэл Бело Хоризонте руу онгоцоор зөөн түлэгдлийн нарийн мэргэжлийн эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай болсон байна.

Тухайн гал тавьсан хамгаалагчийг Дамиао Соарос дос Сантос гэх 50 настай этгээд болохыг цагдаагийн албаныхан тогтоосон байна. Тэрбээр шархаа даалгүй эмнэлэгт нас барсан байна. Ямар учраас гал тавьсан болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм. Уг ажилтан эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өнгөрсөн сард амралтаа авсан байсан бөгөөд түүнийг эргэж ирэх үед ажлаас нь халсан байсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн албаныхан мэдээлж байна. Тэрбээр эмнэлгийн магадлагаагаа үзүүлэхээр Женте Иносенте хүүхэд асрах төв лүү явсан бөгөөд үүний дараахан гал гарсан гэж "О Глобо" сонинд мэдээлжээ.

Ерөнхийлөгч Мишель Темер “Жанаубад ийм эмгэнэлт явдал болж хүүхдүүд өртсөнд би маш их харамсаж байна. Тэдгээрийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхдээ алдана гэдэг үнэхээр аймшигтай зовлон” гэж твиттер хуудсандаа бичжээ. Жанауба хотын захирагч 7 хоног гашуудал зарлах шийдвэр гаргасан байна.

Х.Сарнай


 


Холбоотой мэдээ