Аймгийн “Шилдэг багш” нар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-06 12:57:47
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас энэ онд анх удаа Шилдэг багш шалгаруулав. Ингэхдээ хүүхэд бүрт хүрч ажиллаж чаддаг, сурагчдаа жигд сургаж, хөгжүүлдэг чадварыг гол үнэлгээ болгожээ. Нийт таван багш шилдгээр шалгарч, аймгийн БСУГ-ын нэрэмжит шагналаар шагнуулав. 
Баруун-Урт сумын Хоёрдугаар цэцэрлэгийн багш, С.Анхтуяа, Нэгдүгээр сургуулийн бага ангийн багш Ш.Ганчимэг, Баяндэлгэр сумын БДС-ийн математикийн багш Д.Алтанцэцэг, Нэгдүгээр сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Б.Дэлгэрцэцэг, Түвшинширээ сумын ЕБС-ийн мэдээллийн технологийн багш н.Оюунжаргал нар Сүхбаатар аймгийн 2017 оны Шилдэг багшаар шалгарчээ.
Тэдний хувьд хүүхэд бүрийн хөгжлийг дэмждэг, анги хамт олноор нь жигд сургадаг, ЭЕШ-д олон хүүхдийг өндөр оноотой бэлтгэдэг, өөрийн арга зүй, технологтой багш нар юм. Жишээлбэл: 01 дүгээр БДС-ийн Түүх нийгмийн ухааны багш Б. Дэлгэрцэцэгийн хувьд сүүлийн дөрвөн жил дарааллан 200 гаруй хүүхдийг ЭЕШ-д 530-568 дундаж оноотойгоор бэлтгэсэн бол, Түвшинширээ сумын мэдээллийн технологийн багш н. Оюунжаргал өөрийн сургуулийн сурагчдын арга барилд тохируулан арван хуруугаараа зэрэг шивэх технологийг боловсруулжээ. Энэ нь маш амжилттай болсон учир хөрш зэргэлдээх сум, аймгуудад урилгаар очиж тус технологио заадаг байна. Харин Баяндэлгэр сумын сургууль энэ жил бүрэн дунд боловсролтой болж, улмаар анхны төгсөгчид нь математикийн хичээлээр маш сайн шалгагдсан. Энэ мэт үзүүлэлтээр аймгийн шилдэг багш нар шалгарчээ. Цаашид энэ арга хэмжээ нь уламжлал болгон зохиогдоно гэнэ.
Т.Одончимэг 
Холбоотой мэдээ