Шинэ арслан төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:49:01

Говь-Алтай аймгийн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Нар хур тэгширсэн энэ жилийн наадам ногоо сайн гарсан, зун зуншлага сайтай байснаас өргөн дэлгэр болж тус аймгийн бүх сумдаас хурдан хүлгүүд ирж аймгийнхаа баяр наадамд шандсаа сорьсон байна.

Хурдан азарганы уралдаанд 43 хүлэг уралдаж Дарив сумын уугуул аймгийн алдарт уяач Н.Гэндэнгийн хүрэн халзан азарга түрүүлсэн бол их насны 55 хурдан хүлгээс Цээл сумын харьяат улсын гарди Ж.Бат-Эрдэнийн хүрэн буурал, 67 соёолон уралдсанаас Дэлгэр сумын уяач М.Цээноровын цавьдар, хязааланд Дарив сумын уяач О.Ганбаатарын загал, шүдлэн насанд Есөнбулаг сумын уяач Д.Батбаясгалангийн хээр, дааганд Цээл сумын уяач А.Оргилын хээр, жороод Дэлгэр сумын Г.Лхажавын хээр морь тус тус түрүүлэн торгон жолоо өргүүлж наадамчин олноо баясгалаа. Үндэсний бөхийн барилдаанд улсын гарди, заан, харцага, начин зэрэг 10 гаруй улсын цолтон тэргүүлсэн 128 бөх барилдаж Дэлгэр сумын харьяат аймгийн харцага Т.Сайханжаргал түрүүлэн аймгийн арслан болж, аймгийн арслан Б.Хишигбаатар үзүүрлэлээ. Аймгийн начин Б.Энхсайхан харцага, сумын заан Д.Ариунбаатар, М.Насанбат, Б.Баяржаргал, Н.Жамбал нар аймгийн начин цолны болзол хангасан байна.

Үндэсний сурын харваанд насанд хүрэгчдийн эрэгтэйд сурын спортын мастер аймгийн гоц мэргэн Б.Билэгдэмбэрэл, эмэгтэйд Баян-Уул сумын харьяат Хилчин спорт хорооны харваач А.Бүжинлхам, хүүхдийн харваанд эрэгтэйчүүдээс Баян-Уулын Г.Бумбаяр, эмэгтэйд мөн сумын С.Алтанцэцэг нар түрүүллээ. Шагайн харваанд 40 гаруй баг оролцож дэд мастер Б.Даваадорж ахлагчтай 12 жилийн нэгдүгээр сургуулийн баг түрүүлж, цуваа харваанд мөн сургуулийн харваач Ш.Буджав шалгарсан байна. Ийнхүү Алтайн наадам шинэ арслан, харцага, начингууд төрсөн, шилдэг харваач, уяачид тодорч наадамчин олноо баясгасан өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Ш.Цоодол

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд