Каталонийн тусгаар тогтнол: Испанид эв нэгдлийн төлөөх томоохон жагсаал болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-09 11:48:00
БАРСЕЛОНА. /Би-Би-Си/. Испанийн Барселона хотод өнгөрсөн амралтын өдөр хэдэн арван мянган хүн Каталонийн тусгаар тогтнох төлөвлөгөөг эсэргүүцэн жагслаа.

Испанийн Каталони муж маргааш буюу мягмар гарагт болох мужийн парламентын чуулганы үеэр Испаниас тусгаар тогтнож байгаагаа дангаар зарлан тунхаглаж магадгүй гэсэн таамаглал гараад буй үед тусгаар тогтнохыг эсэргүүцэгчид буюу Испанийн эв нэгдлийг эрхэмлэгчид жагсаал хийлээ гэж “Би-Би-Си” телевиз мэдээлсэн байна.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, өчигдрийн жагсаалд 350 мянга орчим хүн оролцжээ. Жагсаалд оролцогчид Испанийн төрийн далбааг мандуулан “Каталони бол Испанийх” гэж уриа хашгирцгааж байжээ.



Хэрвээ Каталони Испаниас тусгаар тогтновол эдийн засаг уруудаж, ажилгүйдлээс эхлүүлээд янз бүрийн нийгмийн асуудалтай тулгарч болзошгүй гэж жагсагчид үзэж байна.

Энэ сарын 1-нд Каталонид явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжсэн бөгөөд сонгогчдын ирц 43 хувьтай байсан гэж Каталонийн СЕХ мэдэгдсэн юм.

Каталонийн удирдагч Карлес Пьигдемон маргааш мужийн парламентад үг хэлж, Испаниас тусгаар тогтнож байгаагаа албан ёсоор зарлан тунхаглаж магадгүй гэсэн таамаглал тархаад байна.

Үүнтэй холбоотойгоор Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой  өчигдөр нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Каталонид ямар ч хууль ёсны санал асуулга болоогүй. Каталонийн тусгаар тогтнолыг бид хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүйд тооцно” гэжээ.

Испанийн хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Каталонид "Авч байгаагаасаа илүү их мөнгийг Мадридад буюу Испанийн төв засгийн газарт өгч байна" гэх яриа тархах болсон нь тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад хүргэсэн байна.
Г.Доржханд
 


Холбоотой мэдээ