Гаднаа ирсэн ирвэсийг мотоциклээр хөөж холдуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:51:51

Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг Сутай хайрханы салбар уулс Шандатын нуруу, Дарвийн нурууны уул хаданд ирвэс  олон тоотой болсноос малчдын мал сүрэгт халдаж, барьж идэх явдал байнга гарч байна.

Энэ 7 дугаар  сарын 27-ны өглөө Дарив сумын нутаг Сутай уулын өвөр Их өлзийт хэмээх газар зусч байгаа Ихэс нуур багийн малчин О.Түмэнбаяр, Ш.Хоохой, Я.Даваацэрэн нарын гадаа цаст уулын эзэн цоохор ирвэс ирсэн байна. Гэрийнх нь ойролцоо байсан ирвэсийг малчид үргээж  туух гэсэн боловч төдийлэн үргэж харайхгүй аажим босч уулын хавцлыг чиглэн явжээ.

Малчид түүний зургийг гар утсаараа авч бичлэг хийж мотоциклээр тууж хотноосоо холдуулсан байна. Малчин О.Түмэнбаяртай утсаар холбогдоход, Манай энд ирвэс үзэгдэхгүй л байсан. Харин Дарвийн нуруу талд Гүүтийн цахир, Хоёр худагт байнга мал барьдаг боллоо. Одоо наашаа хоолой гатлан гарч ирж байгаа юм шиг байна. Хоёр хоногийн өмнө айлын хотноос ямаа идсэн нь уг ирвэс байсан бололтой. Идэш тэжээл нь хомсдоод л хотруу ирж байх шиг  хэмээн ярив.    

                                                                          Ш.Цоодол

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд