Бүс нутгийн тээвэр логистикийн асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-10-10 15:14:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Бүс нутгийн-тээвэр логистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт Олон Улсын бага хурлыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Улс хоорондын болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, бусад улс орнуудын шилдэг сайн туршлага, мэдлэгийг хуваалцах, зам, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх үндэс суурийг тавих ач холбогдолтой хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд онцолж байна.

НҮБ-аас гурван улсын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх чиглэлээр зөвлөмж өгөх, Беларусь Улс дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлсэн сайн туршлагаас хуваалцах аж.

Тус олон улсын  бага хуралд БНХАУ, ОХУ-ын Тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, гааль, төмөр зам зэрэг салбарын төлөөллүүдээс гадна Олон улсын авто тээвэрчдийн холбоо(IRU), Төмөр замуудын хамтын ажиллагааны нийгэмлэг (OSJD), Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Хятадын хөгжлийн банк зэрэг хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид оролцох юм байна.

Олон улсын хэмжээнд зохион байгуулах энэхүү хурлаар Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, Монгол Улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ.

Мөн “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийг “Эдийн засгийн коридор”-той уялдуулах, гуравдагч орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн төв коридорын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал, төмөр замын төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх юм байна.

Б.Заяа
Холбоотой мэдээ