Гэмтсэн начин шонхрыг эдгээж байгальд нь тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
164@montsame.mn
2017-10-12 11:45:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-нд есдүгээр сарын эхээр “Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны төмөр замын арктай шар байрны орчимд нисэж чадахгүй шонхор шувуу байна” гэх мэдээллийг иргэд өгсөн. Мэдээллийн мөрөөр  Байгаль орчны газрын мэргэжилтэн, амьтны мэргэжлийн байгууллагын ажилтан нар газар дээр нь очиход хумс нь тайрагдаж, нисэх чадваргүй болсон начин шонхор шувуу байжээ.
Шонхор шувууг үзлэгт оруулан нарийн шинжилгээ хийхэд ямар нэгэн халдварт өвчин байхгүй боловч хумсаа тайруулснаас болоод хоол тэжээлээ өөрөө олж идэх чадваргүй болсон байв. Түүнийг зориулалтын тусгай байранд нэг сар гаруй эмчлэн тэнхрүүлснээр  начин шонхор өөрөө идэш тэжээлээ олж идэх чадвартай болсон гэж амьтны мэргэжлийн байгууллагаас үзсэн байна. Тиймээс Байгаль орчны газар, “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-ын мэргэжилтнүүд тусгай хамгаалалттай газар нутаг болох Богд хан ууланд энэ сарын 10-ны өдөр начин шонхрыг байгальд нь тавьжээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ