Хотгорын уурхайн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-13 14:48:49
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Бөхмөрөн суманд олборлолт явуулж буй нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа болоод өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаад ирсэн байна. Бөхмөрөн сумын 2-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хотгор” ХХК-ийн нүүрсний уурхай нь Бөхмөрөн сумаас 58 км, Улаангомоос 120 км-т оршдог байна.
Тус уурхай нь 1963 онд байгуулагдсан ба 51.25 га талбайтай, 1992 онд хийгдсэн Геологийн нарийвчилсан хайгуулаар 166.6 сая тонны нөөцтэй гэж тогтоогдсон байна. Энэ онд 60,0 мянган метр куб хөрс хуулж, нүүрс олборлохоор төлөвлөсөн аж. Тус компани нь сүүлийн 3 жилд улсын болон орон нутгийн төсөвт 1 тэрбум 161 сая төгрөгийн орлого оруулсан байна. 2016 онд Баян-Өлгий аймагт 304 сая, Увс аймагт 104.3 сая, 2017 онд Увс аймгийн Татварын хэлтэс болон Бөхмөрөн суманд төлсөн татвар, ард иргэдэд үзүүлсэн дэмжлэг нийтдээ 76 орчим сая төгрөг гэсэн дүнг уурхайн удирдлагуудаас ажлын хэсгийнхэнд танилцуулжээ.
Ажлын хэсгийн зүгээс хариуцсан чиглэлийнхээ дагуу шалгалт хийсэн ба цаашид аймаг болон сумтай гэрээгээ шинэчлэн хийж, Увс аймаг болон Бөхмөрөн суманд оруулах татварыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтайгаа байнга хамтран ажиллах, зарим татварын шимтгэлээ Увс аймгийн Татварын хэлтэс рүү шилжүүлэх нь зүйтэй гэсэн үүрэг чиглэл өгчээ.
Энэ дагуу “Хотгор” нүүрсний уурхай ирэх оны нэгдүгээр сараас Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах гэрээгээ шинэчлэн байгуулж, аймаг, орон нутагтай шинэчилсэн гэрээний дагуу хамтарч ажиллахаар болсон байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ