Уурхайнуудын орон нутагтайгаа байгуулсан хамтын гэрээ тааруу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-16 09:54:38
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 11,12,13-ны өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын үйл ажиллагаатай танилцжээ. Гурав хоногийн хугацаанд есөн уурхайтай танилцсан байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг нэгдсэн журмаар танилцуулна гэв.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэгт ИТХ-ын тэргүүлэгчид, ЗДТГ-ын уул уурхайн бодлого хариусан мэргэжилтэн, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд багтжээ. Тэд хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөлмөрийн нөхцөл байдал,  ажиллах хүчний харьцаа, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөлтийн хувь хэмжээ, байгаль орчны нөхөн сэргээлт зэргийг нарийвчлан үзэж, шалгалт хийжээ.

Шалгалтын ажлын талаар ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалангаас тодруулахад “Уул уурхайн үйл ажиллагаатай танилцах ажил хараахан дуусаагүй байгаа. Ажлын хэсгийнхэн өнгөрөгч долоо хоногт есөн уурхайн үйл ажиллагаатай таницлаа. Уурхайн удирдлагууд яг ажлын байран дээрээ бараг байхгүй байлаа. Ер нь ажиглаад байхад уурхайнуудын орон нутагтайгаа байгуулсан хамтын гэрээ сул, уул уурхайн ажлынхаа талаар тухайн нутаг орны иргэдэд өгсөн мэдээлэл дутмаг, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт харилцан адилгүй, зарим уурхайн хувьд ажилчид нь тогтвор суурьшилтай ажилладаггүй, гэрээгээр хэд хоног ажиллаад явчихдаг зэрэг алдаа дутагдлууд байна. Шалгалтын гол зорилго бол зөрчлийг илрүүлж, түүнийг нь арилгуулах шүү дээ. Бид ирэх долоо хоногт үлдсэн уурхайнуудаар явж ажлын хэсгийн дүгнэлтийн нэгдсэн байдлаар гаргаж танилцуулах болно...” гэв.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ