АТГ-аас Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн мэдээлэлд албан ёсны тодруулга өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ АТГ-ын хэвлэл олон нийттэй харилцах хэлтсийн комиссар Т.Мөнхтунгалаг тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллийн талаар тодруулга өглөө.
Нэгт, Г.Баасан нь "21 аймагт 300 мянган төгрөгөөр цалинждаг, нийслэл, дүүрэг, яам, тамгын газар агентлагуудад 500 мянгаар цалинждаг Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд гэж байдаг гэх асуудал ярьсан. АТГ-ын ажлын хэсэг 21 аймаг, 13 яам, 27 агентлагт ажиллан, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, шалгалт хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг яг одоо яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүлж байв.
Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийн гурван гишүүн-иргэний хувьд, нэг иргэн нь аймаг, яам, агентлагийн нээлттэй, ил тод байдлыг хянана. Хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг хянана. Хоёр дахь иргэн нь Шилэн дансны хуулийн хэрэгжилт, тухайн төрийн байгууллагын төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гарч буй эсэхэд хяналт тавих юм. Харин гурав дахь иргэн нь нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэхийг хянаж зөрчил илэрсэн тохиолдолд манайд мэдэгдэж шалгуулж байх учиртай. Түүнээс өөрсдөө хянаж шалгах эрх эдлэхгүй. Аймаг, яам, агентлаг бүрт ийм чиг үүрэгтэй 3 иргэн ажиллана гэсэн үг.
Хоёрт, гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан хүмүүс УБТЗ-д ажиллаж байгааг Олон нийтийн зөвлөл шалгаад тогтоосон тухай ярьсан. Юуны өмнө Олон нийтийн зөвлөл өргөдөл, гомдол хянаж шалгах эрхгүй гэдгийг хэлье. Г.Баасан даргатай Олон нийтийн зөвлөл манай байгууллагын "Олон нийтийн төв"-д суун ажиллаж байгаа. Иргэдээс өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч байгаа юм билээ. Энэ хүрээндээ иргэдээс Олон нийтийн зөвлөлд хаяглан ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн талаар олон нийтэд мэдээлж танилцуулах эсэх өөрсдийнх нь мэдэх хэрэг. Олон нийтийн зөвлөлийн дарга, гишүүд нь өргөдөл, гомдол хянан шалгах эрхгүй учраас иргэдээс ирүүлсэн гомдлыг харьяалан шалгах эрх бүхий байгууллагад нь шилжүүлэн шалгуулж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг авч болох байх.
УБТЗ-ын асуудлаар АТГ-аас 2017 оны 3 дугаар сараас хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. “УБТЗ” ХНН-ийн холбогдох албадын дарга нарыг хууль бусаар ашиг сонирхлын зөрчилтэй томилсон” гэх гомдол, мэдээллийг холбогдох хуульд заасныг үндэслэн хянан шалгасан. Үүнд, Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцаг, Хөдөлмөрийн харилцааны албаны дарга Б.Оюунчимэг, Хангамжийн албаны дарга Р.Зоригт нарын асуудал байдаг. Энэ хүмүүс 2016 оны 10 дугаар сард томилогдсон юм билээ. Ингэхдээ Ж.Пунцаг, Б.Оюунчимэг нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулалгүй томилсон байсан. Р.Зоригтын хувьд АТГ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлснийг хянан үзээд уг ажлын байрны шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул өөр этгээдийг энэ албан тушаалд томилох талаар анхааруулга бүхий хариуг 2016 оны 10 дугаар сарын 17-нд УБТЗ руу хүргүүлсэн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр түүнийг Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны даргаар томилсон байдаг. АТГ-аас Ж.Пунцаг, Б.Оюунчимэг, Р.Зоригт нарын асуудлаар “УБТЗ” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад зөрчлийг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг 2017 оны 3 дугаар сард хүргүүлсэн. Ж.Пунцагийн “Ял шийтгэлийн тэмдэглэл”-ийг анхан шатны шүүхээс зохих журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвд хүргүүлээгүйн улмаас шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн лавлагааны цахим санд мэдээлэл бүртгэгдээгүй болох нь АТГ-ын хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Улмаар Ж.Пунцагийн ял шийтгэлийн тэмдэглэлийг мэдээллийн санд бүртгүүлсэн. Харин Б.Оюунчимэг, Р.Зоригт нарын хувьд ялтайд тооцох хугацаа нь тухайн үед дууссан байдаг. АТГ 2017 оны 4 дүгээр сард мөн Д.Жигжиднямаа руу хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичиг хүргүүлсэн. АТГ-аас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэр болон холбогдох хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа Д.Жигжиднямаад өөрт нь хариуцлага тооцуулах асуудлыг 2017 оны 5 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Улаанбаатар төмөр замын Ерөнхий хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт албан бичгээр хүргүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Д.Жигжиднямаагаас Ж.Пунцаг, Б.Оюунчимэг нарыг удирдах албан тушаалаас нь өөрчлөн тохирох ажилд томилох, Р.Зоригтыг ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ормогц асуудлыг шийдвэрлэх болно гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн. Мөн 10 дугаар сарын 5-ны өдөр УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных дээрх 3 хүнд зохих арга хэмжээг авснаа мэдэгдэж, тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг манайд хүргүүлсэн. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу АТГ хяналт шалгалтын ажиллагаа явуулж, албан бичиг, албан шаардлага хүргүүлсний дүнд хууль зөрчсөн үйлдлийг арилгуулсан” гэсэн тодруулга тайлбарыг Т.Мөнхтунгалаг өглөө.
Ж.Батсайхан