Ц.Долгормаа: Өрх бүр чацаргана тарьж байхад түүнийг нь боловсруулдаг хүн бас хэрэгтэй биз дээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 20:29:19

Увс аймгийнхан чацаргана тариалдагаараа улсдаа алдартай. Бараг л өрх бүр чацаргана тариалдаг гэвэл худлаа болохгүй. Гэхдээ чацарганыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдийн гар дээр хүргэж байгаа нь харьцангуй цөөн билээ.

Иймээс чацаргана, үхрийн нүдний бүтээгдэхүүнээрээ алдартай, хэрэглэгчдийн найдвартай түнш болсон “Да буян” компанийн захирал Цэрэндашийн Долгормаатай ярилцлаа. Ханиад томууны үе эхэлсэн энэ цагт чацарганы бүтээгдэхүүн хамгийн сайн эм, аминдэм болдог юм.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Би 1962 онд Увс аймгийн Хяргас суманд төрж, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлээд 1980 онд 8-р анги төгсөж, Өвөрхангай аймгийн усны ТМС-д суралцсан. Сургуулиа төгсөж ирээд Усны аж ахуйн байгууллагад 13 жил ажиллахдаа цехийн мастер, хянагч, худалдагч зэрэг ажлыг хийж байгаад зах зээлийн нийгэмд шилжсэнээр хувиараа бизнес эрхлэх болсон. 2003 оноос эхлэн “Ус-Эрдэнэ” компанид жимсний цехийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэндээсээ 2009 онд гарч “Да буян” компанийг үүсгэн байгуулж, захирлаар нь одоо хүртэл ажиллаж байна.

   Усны аж ахуйд ажиллаж байхад манай байгууллага жимс тариалдаг, түүнийгээ боловсруулдаг цехтэй, бас дарс үйлдвэрлэдэг байсан бөгөөд тэр бүх дамжлага дээр ажилласан. Ер нь багаасаа л жимс тарьж, түүгээр бүтээгдэхүүн хийх аргад суралцсан. 2009 онд компаниа байгуулчихаад “Оюу толгой”-н хөрөнгө оруулалттай жимс жимсгэний мэргэжил олгох сургалтад хамрагдаж гэрчилгээ авч байлаа.

-Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай компани жимс жимсгэнэ боловсруулах, хүнсний ногоо даршлах, сүү цагаан идээ боловсруулах гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор жимсээ голдож үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүү элбэгших цагаар цагаан идээгээ боловсруулдаг.

-Жилдээ хэчнээн тн чацаргана хурааж авч байна?

-Манайх чацаргана тариалдаггүй. Дандаа хувь хүмүүсээс худалдаж авдаг. Жилдээ 17-20 сая төгрөгийн чацаргана худалдан авч чацаргана тариалагчдад хөрөнгө оруулалт хийж байна. Бараг өрх бүр чацаргана тарьж байгаа энэ цагт жимсээ худалдаж аваад боловсруулдаг болъя гэж шийдсэн маань их зөв зүйл болсон. Тухайн үед чацаргана ямар ханштай байна тэр ханшаар л авдаг. Хүмүүс өчнөөн их хөлс хүчээ шавхаж тариалсан жимсийг нь хамаагүй хямд үнээр бас авч болохгүй. Манай компани жилдээ 7 тн жимс авч боловсруулдаг. Хажуугаар нь хувь хүмүүс гуйхаар цехээ ашиглуулж, нийтдээ 10-аад тн жимс жилдээ боловсруулж байна.

-Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Манай компани өөрийн “Дэвжих” цехдээ чацарганы цэвэр тос, чацаргана, үхрийн нүдний чанамал, өтгөрүүлсэн шүүс, цэвэр шүүс, даршилсан ногоо зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Худалдан авагчид манай бүтээгдэхүүнийг танидаг болсон. Борлуулалтандаа нэг их санаа зовоод байдаггүй. Жил бүрийн намар болдог “Увс түншлэл” үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож ирсэн. Үүнээс гадна Баруун бүс түншлэл, Улаанбаатар хотноо зохиогддог намрын ногоон өдрүүд, аймагтаа зохиогддог “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд байнга оролцдог. Манай бүтээгдэхүүнийг таниулахад эдгээр арга хэмжээ бас их үр нөлөөтэй байдаг. Хотод аваачаад зарахад тэр дороо л борлочихдог юм. Тос, шүүс, чанамал авъя гээд хотоос байнга захиалга ирж байна. Тэр тоолонд автобус унаанд тавиад явуулна, хүүхдүүд маань тосч аваад цааш нь дамжуулж өгдөг сүлжээ үүсээд байгаа.

 Үүнээс гадна “Шинэ Улаангом”, “Их нуур гом” захууд дээр тус бүр лангуутай. Тэндээ компанийхаа нэрийн бараанаас гадна орос хүнс худалдаалдаг. Бараандаа өөрөө явдаг бөгөөд голдуу Кызыл, Баян-Өлгийгөөс татаж байна. Худалдагч нараас гадна цех дээр хоёр хүн ажилладаг. Гурван сар хүртэл цехийн ажилчид маань жимсээ боловсруулж дуусаад бүтээгдэхүүнээ савлаж хөргөгчинд хадгалдаг. Тэгээд 7 сар хүртэл хөргөгчнөөсөө авч худалдаалаад бүтээгдэхүүн дуусангуут хоёр сар амраад 9 сард ургац гарахаар эргээд ажилдаа ордог.

-Танай компанийн бүтээгдэхүүнүүд шагнал урамшуулал хэр авч байна?

-Энэ хугацаанд аймаг орон нутаг болоод улс, бүсээс олон шагнал хүртсэн. Анх 2009 онд “Увс түншлэл” үзэсгэлэн худалдаанаас манай чацарганы чанамал “Импортыг орлох бүтээгдэхүүн” шагнал хүртэж хүрэл медаль, өргөмжлөл авсан. Дараагаар нь Ховд, Завхан аймагт зохиогдсон “Баруун бүсийн түншлэл” үзэсгэлэн худалдаанаас чацарганы цэвэр шүүс маань алтан медаль хүртэж байлаа. Түүнчлэн Говь-Алтай аймагт болсон “Баруун бүсийн түншлэл” үзэсгэлэнгээс үхрийн нүдний чанамал маань мөнгөн цом, өргөмжлөл хүртсэн. Үүнээс гадна Улаанбаатар хотноо намрын ногоон өдрүүдэд оролцоод Хүнс хөдөө аж ахуйн яамны “Шилдэг жимсчин” шагнал авч байлаа. 2011 онд Улаангом сумын Оны тэргүүний байгууллага болсон. Манай компанийн ажил үйлс их өөдрөг явж байгаа.

   Хүн ер нь зүгээр суухгүйгээр хөдөлмөрлөж байж л сайхан амьдардаг. Надад хийж үзээгүй ажил байхгүй. Айраг тараг ч хийлээ, боорцог ч зарж байлаа, аль чадахаараа л хөдөлмөрлөсөн. Анх өөрийнхөө гэр байсан байшингаа цехийн зориулалтаар засаад үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Манай цех их томд орохгүй.  Хүний иддэг хоол хийж байгаа учраас аль болох цэвэр орчинд, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээж ажилладаг.

-Үйл ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Компаниа өргөжүүлэх хүсэл их байдаг. Өнгөрсөн жил Германы нэг төсөлд хамрагдаж тос ялгадаг төхөөрөмж авсан. Гэтэл түүнийгээ ашиглах гэсэн чинь чийгшил болон дулаан хэмжигч төхөөрөмж байдаггүй. Энэ хоёрыг олж авч тэр төхөөрөмжөө ашиглалтанд оруулна гэсэн бодолтой байгаа.

   Үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр өнгөрсөн жил цагаан идээ боловсруулж нэрмэл архи, аарц, хэвийн ааруул зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Хашаандаа хүлэмжтэй, тэндээ өргөст хэмх, улаан лооль тариалж, даршлан худалдаалж байна. Өнгөрсөн жил хүнсний ногоогоо хадгалах зоорь барьсан бол энэ жил нэмж юм хийж амжсангүй.

-Энэ намар болсон “Увс түншлэл” үзэсгэлэн худалдаанд танайх ямар амжилттай оролцов?

-Саяхан болсон үзэсгэлэн худалдаагаар манай чацарганы варень, шүүс маш сайн борлож, сая гаруй төгрөгийн борлуулалт хийсэн. Тэр их чацарганы бүтээгдэхүүн дотроос манайхыг сонгоод авч байгаа нь бидний хийсэн бүтээгдэхүүн хэрлэгчийн таашаалд хүрсний нэг илрэл болов уу. Манайх нэг их үнэ хэлээд байдаггүй, аль болох уян хатан ханддаг.

-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс хэрхэн дэмжиж байна вэ?

-Төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо дундаж шатанд явж байна. Бидэнд одоо ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэвэл санхүүгийн тусламж маш их хэрэгтэй байна. Чацарганы чанамалыг жижиглэн байдлаар хүмүүст хүргэх гээд урд хөрш рүү явж сав баглаа боодол судласан чинь миний санаанд нийцэх сав баглаа боодол таараагүй. Тэгээд ч хаана, хэнд хандаж захиалга өгөхөө сайн мэдэхгүй байсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд аймаг орон нутгаас зээл, дэмжлэг өгдөг юм чинь иймэрхүү тал дээр зуучладаг ажилтантай байвал зүгээр юм. Та ийм чиглэлээр дэмжлэг авч байна, танд хэрэгтэй ийм ийм тоног төхөөрөмжүүд тэнд тийм тийм үнэтэй байна шүү гээд тэр ажилтан нь заагаад зөвлөөд өгдөг болмоор байна.

   “Оюу толгой”-гоос зохион байгуулсан жимс жимсгэний сургалтанд суусныхаа дараа Улаангом политехник коллежийн дэргэдэх Бизнес инкуватор төвийн дэмжлэг авч бүтээгдэхүүний хаяг шошго, танилцуулгаа хийлгэсэн. Мөн зах дотор байрлах лангууныхаа түрээсийг 6 сараар төлүүлснээс гадна Улаанбаатар хот болон баруун бүсийн үзэсгэлэн худалдаанд оролцох унааны зардлаа шийдүүлж байсан.

  Манай үйлдвэрлэл эрхлэгчид бүгдээрээ нэгнийгээ дэмжиж ажилладаг. Чацарганы холбооны гишүүддээ надад чацаргана хэрэгтэй байна гэвэл хэн нь ч гэсэн авч ирээд нийлүүлж байх жишээтэй. Бүгдээрээ л бие биенээ дэмжиж, хамтран ажилладаг.

  Энэ намар БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөх тохойд болсон үзэсгэлэн худалдаанд очиж оролцсон. Би 40 ширхэг чацарганы тос авч яваад 30 гаруйг нь борлуулсан. Урд хөршид чацарганы үйлдвэрлэл их сайн хөгжсөн байна лээ.

-Ингэхэд та өөрөө ямар шагналтай вэ? Мэдээж хэрэг сонгуульт ажилтай л байлгүй?

-Би шагнал авна гээд гүйгээд байдаггүй. Хүнс, хөдөө аж ахуйн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, чацарганы холбооны “Тэргүүний ажилтан”, аймгийн Засаг даргын Хүндэт өргөмжлөл, Жуух бичиг зэрэг шагналтай. Аймгийнхаа Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүлэгч гэх мэт сонгуульт ажилтай. Түүнчлэн шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр зэрэг янз бүрийн арга хэмжээнд манай компани ивээн тэтгэгчээр байнга оролцдог.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ? Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Миний ханийг Ц.Даваахүү гэдэг. “Ус-Эрдэнэ” компанид нярав, жолоочоор ажилладаг. Манайх гурван хүү, хоёр охинтой. Том хүү маань СУИС-ийг төгсөөд Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт гоцлол дуучнаар ажиллаж байна. Дараагийн охин маань эрчим хүчний байгууллагад архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг. Удаах хоёр хүүгийн нэг нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3-р дамжаанд, нөгөө нь “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуулийн 2-р дамжаанд сурч байна. Бага охин 11-р ангийн сурагч.

-Өөрийнхөө тухай яриач?

-Би их гүдэсхэн, эршүүд зантай. Ямарваа зүйлийг болно, бүтнэ гэсэн талаас нь хардаг. Манай нөхөр хүртэл эмэгтэй хүн байж яагаад ийм гүндүүгүй болдог байна аа гэж гайхдаг. Надад бараг чөлөөт цаг гардаггүй. Заримдаа биеэ хэд хуваачих юмсан гэж бодох үе бий.

-Сүүлчийн хоромыг танд үлдээе. Увс нутгийнхандаа хандаад юу гэж хэлэх вэ?

-Манай нутгийнхан хөдөлмөрч, бүтээлч, ажилсаг, их сайхан хүмүүс шүү дээ. Хүн бүр хийе, бүтээе гэсэн зорилготой байдаг учраас ажил үйлс нь үргэлж өөдрөг байдаг. Бас ядарч зүдэрсэн нэгэндээ харамгүй туслаж, сэтгэлийн урам өгдөг, хаана ч явсан бие биенээ тулж түшиж байдаг ард түмэн. Энэ сайхан нутагт төрж өсч, ийм мундаг хүмүүсийн дунд ажиллаж амьдарч байгаадаа үргэлж баярлаж явдаг.

-Танд баярлалаа.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ