Олон нийтийг зохион байгуулахад шаардагдах ур чадваруудыг эзэмшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-18 22:32:24
Увс /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын Холбоо (МЗХ)-ноос НҮБ-ын Ардчиллын Сангийн “Эрхээ идэвхжүүлье, залуучуудын оролцоо” төслийн үйл ажиллагааны хүрээнд баруун бүсийн чуулганыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Увс аймгийн Залуучуудын холбоо болон залуучуудын төлөөллүүд оролцоод иржээ.
Чуулганы гол зорилго нь залуучуудын хөгжлийн бодлого болон шийдвэр гаргах түвшинд залуучууд, тэр дундаа залуу эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замыг хэлэлцэхэд чиглэгдсэн байна. Энэ үеэр “Залуучуудын оролцоо” сургалтыг нийгмийн ухааны докторант Б.Цэвэлмаа удирдан явуулсан бөгөөд уг сургалтаар оролцооны шинжүүд, залуучуудын оролцоо шаардлагатай байгаа тулгамдсан асуудлууд, уг асуудлуудыг шийдвэрлэхэд оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар багаар ажиллуулсан байна.
Мөн олон нийтийг зохион байгуулахад шаардагдах ур чадваруудыг хэрхэн нэмэгдүүлэх талаар сургалтыг хөгжөөнт багийн тоглоом хэлбэрээр явуулсан аж. Чуулганы 2 дахь өдөр “Их Монгол Язгууртан” ТББ-ын тэргүүн Ө.Баяраа оюун санааны хөгжил хэрхэн сайхан амьдралын үндэс болдог, аливаа зүйлийг шинжлэх ухаанч дүн шинжилгээн дээр үндэслэхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн байна. Тэрчлэн “Бизнес нэгдлийн дээд зөвлөл” ТББ-ын тэргүүн А.Лхагвасүндэв залуучуудын байгууллагын удирдлагууд онолын мэдлэг, бодлого, зөв зохион байгуулалт төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэдгийг онцолжээ. Хоёр өдрийн турш чуулсан уг арга хэмжээнд Увс аймгийн залуучуудын төлөөлөл амжилттай оролцож, арвин их мэдлэг туршлага, шинэ санаа өвөрлөн бусадтайгаа хуваалцжээ.
Б.Батхүү

 
Холбоотой мэдээ