Өндөрхаан дэд станцын өргөтгөл дуусч ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 09:16:40

110/35/6кВ Өндөрхаан дэд станцыг өргөтгөн 110/6кВ 6300кВА чадал бүхий трансформатор суурилуулан 110/6кВ талын хуваарилах байгууламжийн тоноглолын угсралтын ажил дуусч энэ сарын 11-нд нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Эрчим хүчний яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ний “Зүүн өмнөд бүсийн салбар” –ын инженерүүд зэрэг албаны хүмүүс оролцов.
Энэхүү байгууламж нь Чингис хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах үндсэн зорилготой бөгөөд Чингис хотын эрчим хүчний хүчин чадлыг 60 хувиар нэмэгдүүлж байгаа аж.
Байгууламжийн угсралтын ажил өнгөрсөн 9 дүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 5-ны өдөр бүрэн дуусч, трансформаторыг асаалаа. Уг трансформатор нь Дархан хотод ашиглагдахгүй байсныг “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ний “Зүүн өмнөд бүсийн салбар” –ын ажилчид шинэчлэн засварлаж, сэлгээ хийн Чингис хотод ашиглалтанд оруулжээ.

Мөн Хуваарилах байгууламжийн барилгын ажлыг “Суварга-Эв” ХХК гүйцэтгэсэн бөгөөд дэд станцын зардалд нийтдээ тэрбум орчим төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ