Өмнөд бүсийнхэн чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:07:15

Баянхонгор аймгийн Залуучуудын Холбоо,  аймгийн ЗДТГ болон тус аймгийн Гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран Залуучуудын Өмнөд бүсийн чуулганыг энэ сарын 16-нд  Баянхонгор аймагт зохион явууллаа.

Чуулганд Баянхонгор, Өмнөгөвь, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн залуучуудын холбооны 100 гаруй залуус оролцжээ.  Тэд орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, стратеги төлөвлөгөө хэрхэн боловсруулахыг суралцаж, залуусынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцсэн байна.

Түүнчлэн Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат чуулганы үндсэн илтгэлийг тавьж, МЗХ-ны V их хурлаар шинэчлэн батлагдсан дүрмийн утга агуулга болоод тус хурлын ач холбогдол үр дүнг залууст сонирхолтойгоор ойлгуулж “Энд яригдсан бүх зүйл дараагийн 4 жил бидний баримтлах гол жанжин шугам болж явах чиглэлүүд. Тиймээс цаашдаа  үүнийг мөрдлөг болгон ажиллах хэрэгтэй” гэдгийг санууллаа.

Чуулганд оролцсон аймгууд гар бөмбөг, стратеги төлөвлөгөө боловсруулах зэрэг олон төрлийн тэмцээн уралдаанаар өрсөлдөж Архангай аймгийн залуус шалгарч “Шилдэг аймаг” өргөмжлөл, Шилжин явах цолын эзэн болсон байна.

Сонирхуулахад, Бүсийн чуулган дараа жил Архангай аймагт зохиогдохоор болжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд