O.Чимэдцэрэн: Энэ жил гандуу байснаас ургацынхаа 67.3 хувийг хураан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-24 15:09:22
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн ХХААГ-ын дарга O.Чимэдцэрэнтэй ургац хураалтын дүн,  өвлийн бэлтгэл гээд цаг үеийн асуудлаар  ярилцлаа.
-Энэ жилийн ургац хураалт дүн нэгтгэгдэж байна. Өнгөрсөн жилийн ургац хураалттай харьцуулахад ямар дүн гарч байна?
-Өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад буудай 8.0 мянган тонноор, хүнсний ногоо 6.8 мянган тонноор, тосны ургамал 1.1 мянган тонноор буурч, төмс 563 тонн, малын тэжээл 306 тонн өссөн дүнтэй байна.
-Хавар тариалалт эхлэх үеэр төлөвлөж байсан ургацаа хурааж чадсан уу?
-Энэ жил ХХААХҮ-ийн сайд аймгийн Засаг даргатай буудай 15651 тонн, тосны ургамал 2400 тонн, төмс 6912 тонн, хүнсний ногоо 15441 тонн ургац хураан авч 12580 га чанар сайтай уринш боловсруулахаар гэрээ байгуулсан. Гэсэн хэдий ч гангийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нийт төлөвлөгөөт ургацынхаа 67.3 хувийг хураан авлаа. 
-Энэ жилийн хувьд борлуулалт дээр хэрхэн анхаарсан бэ?
-Буудайн борлуулалтын хувьд манай аймагт үйл ажиллагаа явуулдаг гурилын үйлдвэрүүд болон ХХААХҮЯ-ны санд зэрэглэлээсээ хамаарч тонныг нь 480-540 мянган төгрөгөөр борлуулж байна. Манай аймаг төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ аймгийн үйлдвэрлэлээр 100 хувь хангаж, үлдсэнээ бусад аймаг, нийслэлийн зах зээлд нийлүүлдэг боловч үйлдвэрлэж байгаа хүнсний ногооныхоо 10 хүрэхгүй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаагаас үзэхэд том, дунд, бага оврын үйлдвэр, цехүүдийг байгуулах хэрэгцээ шаардлага байгаа нь харагдаж байгаа юм.
-Улаан буудайн агуулах хангалттай байдаг бол төмс болон бусад хүнсний ногоо хадгалах зоорь сав муу байдаг. Дархан-Уул аймагт зоорийн асуудлыг яаж шийдэж байна вэ?
-Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлээр хүн амын хэрэгцээг бүрэн хангаж байгаа хэдий ч нэр төрлийн хувьд хангалтгүй. Тухайлбал байцаа, манжин, сармисны хэрэгцээний 17.2-67.5 хувийг  хангаж байна. Иймээс орон нутгийн үйлдвэрлэлийн бололцоотой бүх л чиглэлээр хүнсний ногооны нэр төрлийг олшруулан, тариалалтыг шатлан нэмэгдүүлэх ажил чухал байна. 
Аймгийн хэмжээнд үр тариа хадгалах 3330 тонны багтаамжтай 13 агуулах, төмс, хүнсний ногооны 10800 тонны багтаамжтай 908 зоорийг 12 аж ахуйн нэгж, 128 иргэн эзэмшиж төмс, хүнсний ногоог хадгалан зах зээлд нийлүүлж байна.
-9, 10 дугаар сард хур тунадас элбэг байлаа. Малчид хадлан, тэжээлээ цаг алдалгүй хангалттай бэлтгэж авсан уу?
-Саяхан орсон хур тунадас нойтон цасны улмаас боож, хурааж амжаагүй өвс, сүрэл цасанд даруулсан. 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 63421,2 тонн байгалийн хадлан бэлтгэхээс 62,2 хувь буюу 39460 тонн хадлан бэлтгээд байна. Мөн сүрэл 232 тонн, ногоон тэжээл 65 тонн, үйлдвэрийн тэжээл 986,5 тонн, дарш, ногооны хаягдал 60,8 тонн, давс хужир шүү 546, гар тэжээл нэг тонныг тус тус бэлтгээд байна. 
-Энэ жил мал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулав?
-Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах зорилгоор Засгийн газрын тогтоол, ХХААХҮ-ийн сайдын албан даалгавар, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангуулах төлөвлөгөөг боловсруулан сумдад хүргүүлэн чиглэл өгч ажиллаж байна. Цаашид мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй тул малчид өвөлжилтийн хувийн бэлтгэлээ сайн хангаж болзошгүй байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Иймд малын тэжээл, хадлан бэлтгэл, отор нүүдэл хийх, малын дулаан хэвтэр бэлтгэх, хашаа хороогоо дулаалах зэрэг арга хэмжээнүүдийг эртнээс базааж зудаас урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулсан тохиолдолд болзошгүй бэрхшээлийг хохирол багатай даван туулах боломжтой.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ