Сьерра-Леоны Засгийн газар ядуустаа туслахын тулд алмааз дуудлагаар худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-25 10:31:56
ФРИТАУН. /Ройтерс/. Сьерра-Леон улс ядуустаа туслах төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор засаж янзлаагүй 709 карат алмаазыг энэ оны сүүлчээр дуудлагаар худалдахаар төлөвлөж байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Дэлхийд хэмжээгээрээ 14 дүгээрт ордог алмаазыг энэ оны гуравдугаар сард тус улсын зүүн нутгийн уурхайгаас нэгэн санваартан олборлож, засгийн газартаа хүлээлгэн өгсөн гэнэ. Сьерра-Леоны Засгийн газар “Энх тайвны алмааз” гэж  нэрлэгдсэн уг алмаазыг энэ оны 12 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотод дуудлагаар худалдахаар болжээ.

Дуудлага худалдаагаар олсон мөнгийг ядуу иргэдээ цэвэр ус, цахилгаан эрчим хүчээр хангах, сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зэрэг төсөлд зарцуулах аж. Энэ алмаазыг багаар бодоход 50 сая долларын үнэд хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Өнгөрсөн хугацаанд Сьерра-Леоны алмаазуудыг “цуст алмааз” гэдэг байсан юм. Учир нь тус улсад 20 жил үргэлжилсэн иргэний дайны үеэр босогчдын бүлэглэлийнхэн алмаазыг худалдаж, мөнгөөр нь зэвсэг худалдан авдаг байжээ. Тус улсын иргэний дайн 2000 оны эхээр дууссан юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ