С.Хокингийн бүтээлийн улмаас Кэмбрижийн их сургуулийн цахим хуудас ачааллаа даахгүй болоод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-10-25 14:08:19
ЛОНДОН. /Ройтерс/. Кэмбрижийн их сургууль Их Британийн нэрт онолын физикч Стивен Хокингийн докторын зэрэг хамгаалахдаа хийсэн эрдмийн ажлыг анх удаагаа энэ долоо хоногийн даваа гарагийн өглөө цахим хуудастаа тавьсан юм. Үүний улмаас тус их сургуулийн цахим хуудас ачааллаа дийлэхээ болиод байна.

"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, С.Хокинг дэлхий дахинд танигдаагүй байхдаа буюу 1966 онд 24 настайдаа орчлон ертөнцийн гарал үүслийн тухай “"Properties of expanding universes" хэмээх эрдмийн ажлаа хийж гүйцэтгэж байжээ.

Түүний бүтээлийг цахим хуудаст байршлуулсны дараах 12 цагийн хугацаанд л гэхэд хэдэн арван мянган хүн Кэмбрижийн их сургуулийн цахим хуудаст ханджээ. Энэ эрдмийн ажлыг унших гэсэн “эрэлт”-ийн улмаас тус их сургуулийн цахим хуудас үе үе ачааллаа дийлэхээ больж, гацдаг болоод байгаа аж.

Даваа гарагийн орой гэхэд түүний бүтээлийг 60 мянга гаруй хүн уншиж, татаж аваад байсан гэж Кэмбрижийн их сургуулиас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.

“Дэлхий нийт зөвхөн өмнөх замаа харж явах бус, оддыг ажиглаж, сансар огторгуйн гайхамшгийг судалдаг болоосой гэсэндээ би энэ бүтээлээ нийтэд үнэ төлбөргүйгээр дэлгэж байна” гэж нэрт физикч С.Хокинг ярьжээ. Өмнө нь түүний бүтээлийг Кэмбрижийн их сургуулийн номын санд унших, эсвэл хувилуулж авахдаа оюутнууд 86 ам.доллар төлдөг байсан гэнэ.

Профессор С.Хокинг нь төв мэдрэлийн тогтолцооны эсийн саажилт өвчтэй хүн юм. Энэ нь хүний ярих, хөдлөх зэрэг чадварыг аажмаар алдагдуулж, улмаар үхэлд хүргэдэг аюултай өвчин билээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ