АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд "акустик халдлага"-д өртсөн гэх мэдээлэл нь "улс төрийн явуулга"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-29 10:51:40
ГАВАНА. /Би-Би-Си/. Куба дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд “акустик халдлага”-д өртсөн гэх мэдээлэл нь “ор үндэслэлгүй гүтгэлэг” бөгөөд хоёр талын харилцааг сэвтээх гэсэн “улс төрийн явуулга” гэж Гавана мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав.

Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес АНУ-д ажиллаж, амьдарч буй кубачуудтай бямба гарагт уулзах үеэрээ “Энэ бол огт худал мэдээлэл” гэжээ.

Төрийн департаментын мэдэгдсэнээр, өнгөрсөн оны сүүлчээс Куба дахь АНУ-ын ЭСЯ-ны 19 ажилтан болон Канадын ЭСЯ-ны нэг ажилтанд чих дүлийрэх, толгой байнга өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрснээр эмчилгээ хийлгэж байгаа билээ.  Үүнтэй холбоотойгоор “Куба дахь гадаадын ЭСЯ-нууд болон дипломат ажилтнуудын гэрийн гадна чимээ гаргалгүйгээр хүнийг дүлийрэхэд хүргэдэг дууны долгион ялгаруулдаг "хэт авианы төхөөрөмж" суурилуулсны улмаас ЭСЯ-ны ажилтнуудын сонсгол муудаж, дүлийрч байж болзошгүй” гэсэн мэдээлэл тархсан юм.

Энэ хэрэгт Вашингтон Кубыг шууд буруутгаагүй ч “Гадаадын дипломат төлөөлөгчдийг хамгаалж чадаагүй” гэх үндэслэлээр Кубын 15 дипломатчийг улс орноосоо хөөгөөд байна.

Вашингтонтай таагүй харилцаатай гуравдагч улс энэ хэргийн цаана байж магадгүй гэж зарим шинжээч үзэж байгаа юм.
 
Вашингтон болон Гавана хагас зуун жил дайсагнасан харилцаатай байсны эцэст ердөө саяхан гэхээр, тодруулбал 2015 онд харилцаагаа сэргээсэн билээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ