Ирэх онд Дундговь аймагт сонин хэвлэл үүссэний 70 жилийн ой тохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-11-04 15:31:27
Дундговь /МОНЦАМЭ/. Ирэх оны тавдугаар сарын нэгний өдөр Дундговь аймгийн сонин хэвлэлийн 70 жилийн ой тохионо. Энэ ойг угтаж аймгийн сонин хэвлэл, хэвлэх үйлдвэрийн түүхийг нэгтгэсэн ном гаргахаар ахмад үеийнхэн бэлдэж эхэлжээ.
Тус аймгийн “Улаан туг” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан зохиолч, сэтгүүлч Х.Шонхор “Манай сонин, сонины хэвлэх үйлдвэрийн үе үеийн ажилтнуудаас энх тунх аж төрж буй 50 гаруй ахмад байна. Ард иргэддээ мэдээ мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх чухал үүрэгтэй, том талбарын бичигдэж үлдсэн үүх түүх байдаггүй. Тиймээс ахмадууд бид түүхээ бичиж үлдээх учиртай. “Улаан туг” сонины редакци, сонины хэвлэх үйлдвэр, Дундговь аймгийн үе үеийн сонин хэвлэлийн үүх түүхийг номонд багтаахыг зорьж байна” гэв.
Дундговь аймгийн анхны сонин “Чойбалсанч” нэртэйгээр аймаг байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1948 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хэвлэгдсэн түүхтэй. Тухайн үед Дундговь аймгийн сонинг Хөдөлмөрчдийн депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанаас эрхлэн гаргаж эхэлсэн бөгөөд майн баярын өдөр анхны дугаараа гаргаж, цаашдаа ард иргэдийг соён гэгээрүүлэх суртал ухуулгын ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
“Чойбалсанч” сонины анхны эрхлэгч Э.Готов хэмээх хүн байсан бөгөөд редакци гурван сурвалжлагчтай, гурав хоног тутамд сониноо хэвлэн гаргадаг байжээ. Тус сонины үйлдвэр ч өнөө хэр Мандалговь хотод хэвлэх ажлаа эрхэлсэн хэвээр байдаг юм. “Чойбалсанч” сонин 1966 онд “Улаан туг” нэртэй болж, сэтгүүл зүйн бичлэгийн олон төрлийг хөгжүүлэн, нийтлэлийн бодлогоо өргөжүүлэн ажилладаг болсон бөгөөд орон нутгийн бусад сониноос шилдэг нийтлэлтэй сониноор нэг бус удаа шалгарч, Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэт хувь нэмэр оруулж ирсэн байна. Монголын утга уран зохиол, сэтгүүл зүйн салбарт бүтээл туурвилаараа алдаршсан олон зохиолч, сэтгүүлч тус сониноос ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн байдаг. Тухайлбал, зохиолч Х.Зандраабайдий, Ц.Чимэддорж, Г.Төмөр, Ц.Төмөрбаатар,
П.Төмөрбаатар, Г. Түмэнжаргал, А.Лхагва, сэтгүүлч С. Батмөнх, Ц.Ганболд, Ж. Жаргал, С.Пүрэвсүрэн,
М.Нарангэрэл, П.Ядамсүрэн гээд ажил хөдөлмөрийн намтараа Дундговь аймгийн сонинтой холбосон олон арван сэтгүүлч, зохиолчдын үйлс бүтээлийг хойч үед таниулан номонд үлдээх ажээ.
“Улаан туг сонин” Ардчиллын салхи сэвэлзэж эхэлсний дараахнаас буюу 1991 онд “Хотол чуулган” нэртэй болсон бөгөөд нийтлэлийн бодлого нь тухайн цаг үеийн өөрчлөлт шинэчлэлт, үндэсний өв соёл, уламжлалыг таниулах соёл мэдээлэлийн түүчээ болж байсан бол 1996 онд сэтгүүлч С.Пүрэвсүрэн тус сонины хавсралт чөлөөт нүүрийг эрхлэн гаргадаг болж, улмаар энэ нь 1998 онд Дундговь аймгийн анхны чөлөөт “Хадаг” сонин болж хөгжжээ.
Дараа нь 2005 онд “Залуу үе” төрийн бус байгууллагын санаачлагаар хоёр дахь чөлөөт хэвлэл “Говийн амьдрал” сонинг үүсгэн байгуулж, сэтгүүлч Т.Отгонтуяа, Б.Аасүрэн нар эрхлэн гаргасан байна.  
 
T. Отгонтуяа
Холбоотой мэдээ