Ахмад малчид малынхаа тэжээлийг малаасаа бэлддэг туршлагаа ярьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-11-04 16:44:59
Дундговь /МОНЦАМЭ/. Өвөл, хаврыг давах малчдын нэг гол бэлтгэл бол малын гар тэжээл байдаг. Говийн нөхцөлд тачир өвс ургамалтай, хадаж нөөцлөөд байх хадлан тэжээл ховор гэгддэг хэдий ч малчид өөрийн боломжоор гар тэжээл бэлддэг. Энэ жилийн хувьд малчид нийт 6.8 мянган тонн гар тэжээл бэлдэж авчээ.
Гар тэжээл бэлдэнэ гэдэг зөвхөн өвс, ургамал хадаж авах хэрэг биш малаасаа малын тэжээл бэлдэж болдог хэмээн ахмад малчид хэлж байна. Ямар тэжээлийг хэрхэн бэлдэж, ядарч доройтсон малаа хэрхэн тэжээж онд оруулдаг талаар ахмад малчид өөр өөрсдийн арга туршлагыг ийн хуваалцаж байна.

Сайнцагаан сумын малчин Х. Бүүвэйбаатар: - Миний хувьд, багсармал тэжээлийг орон нутагтаа ургадаг ургамалуудаар баяжуулж, тэжээлийн амин дэмт чанарыг нэмэгдүүлж малаа тэжээхэд анхаардаг.
Бидний худалдан авдаг шуудайтай тэжээл бол дангаараа малын сайн тэжээл болохгүй. Үүнийг чанар сайтай хольцоор баяжуулах нь чухал. Тухайлбал, овъёос, халтар хомоол, малын ясны үнс, хужир, халгай, агь гашуу, таана, халгай гээд олон баяжмал бий. Ургамлуудаа ногоон байхад нь түүж, хатаагаад авчихна.
Малаа тарга хүчээр нь сайн, дунд, тааруу гээд ангилчих нь зөв байдаг. Тэгээд 11 дүгээр сараас эхлэн тарга муутай малаасаа эхлээд тэжээж эхлэх хэрэгтэй. Төллөх малын хувьд хээлийн хоёрдугаар хагаст нь тэжээвэл тохиромжтой.
Хужир бол малын тэжээлийн салшгүй нэг хэсэг. Хужрыг аргалын үнстэй хольж долоолгоход мал дотроосоо хайрагдаж, чацга алдахаас сэргийлдэг.Шар сүүг бас сайн ашиглаж байх хэрэгтэй. Шар сүүгээр тэжээл дэвтээхээр амин дэмийн найрлага нь шингэж, малын тэвээрэг, тэнхрэлд маш сайн нөлөө үзүүлдэг. Тиймээс асгаж огт болохгүй.
 
Луус сумын малчин Д. Доржпүрэв: - Манайх адууны элгийг нөөцөлдөг. Зөвхөн адууных гэлтгүй бусад малынх ч байж болно. Элэг чихэрлэг учраас тэжээллэг. Хөлдөөсөн элгээ гэсгээж хэрчээд тэжээл шаардсан малынхаа ам руу хийгээд байхад тун дажгүй байдаг юм. Ногоотой цагийн сэвсийг бас хаяж болохгүй. Гүзээний сэвс бол бэлчээрт ургадаг аль л нарийн ногоо бүхэн боловсруулагдсан байна аа л гэсэн үг шүү дээ. Сэвсийг хивэгтэй холиод малаа тэжээдэг юм.
Адууны халтар хомоол гэж тун сайн тэжээл байна. Ямар ч их цастай үед халтар хомоол их сайн тэжээл болдогийг бас мартаж болохгүй.
 
Эрдэнэдалай сумын малчин Г.Пүрэвдорж: -Би мал хувьд гарч, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш өвс худалдаж аваагүй. Адууны халтар хомоол машин машинаар түүж нөөцөлдөг. Хомоолоо хужираар бүрээд малдаа өгнө. Хужир бол нэг ёсондоо малын чихэр юм шүү дээ. Халтар хомоол бол малын гэдсэнд тогтвортой, сөл идсэн юм шиг ямар ч малд тун сайн тэжээл болж чаддаг. Хивэгтэй холиод ч өгч болно. Харин нэг анхаарах зүйл гэвэл, халтар хомоол идсэн мал ус их шаарддаг. Тиймээс малаа сайн усалж байх хэрэгтэй. Ер нь өвөл малаа сайн усалж байхгүй бол зарим малчин малаа хэд хоног өнжөөж услаад байгаа харагддаг.
Бас шар сүү гэж сайхан тэжээл бий. Нэг стаканаар уулгаж болно. Тэжээл зуурч болно. 10 литрын түмпэнгээр нэг хивэг зуурахад хоёр литр ус орно. Түүнд нэг аяга шар сүү хийнэ. Даарсан малд шар сүү уулгана гэдэг нэг хундага архи өгсөнтэй адил. Дотроос нь дулаацуулж өгнө гэсэн үг.
 
Өндөршил сумын малчин Д. Сумъяа: - Миний хувьд тэжээлийг исгэж бэлдээд хошуувчинд хийж малдаа өгдөг. Тэжээлийг исгэхийн тулд халуун усаар зуураад дулаан гэрт байлгана. Ялангуяа үхэр их бээрэг мал учраас хүйтэнд шингэн исгэмэлээс нэг шанагаар уулгачихад биеийн илчийг нь сайн хадгалж, даарч бээрэхээс сэргийлж чаддаг.
Ер нь малаа тэжээж эхэлсэн бол нэг хэмжээг барьвал тун зүгээр байдаг юм. Тиймээс хошуувч их тохиромжтой.
 
Хулд сумын малчин Т.Төмөрчулуун:- Гар тэжээл бэлдэнэ гэж зөвхөн өвс ургамал хадахыг хэлдэггүй юм. Шар сүүгээ хураахаас эхэлнэ гэж би хэлмээр байна. Хаа сайгүй хэвтдэг ус, ундааны саванд хийгээд сүүдэрт хаячихад муудна гэж байхгүй. Үүнийг тэжээлд хольж зуурах, эсвэл малаа усалж уулгаж болно. Мал амтыг нь нэг л авчихсан бол жигтэйхэн дуртай байдаг.
Бусад малчдын адил би ч бас адууныхаа хомоолыг хураагаад бай гэж хэлнэ. Нэг үгээр хэлэхэд, малаасаа малынхаа тэжээлийг бэлд гэсэн санаа юм шүү дээ. Түүнээс гадна тэмээний хоргол хэрэгтэй.Тээр жил, 2009 оны өвөл говиос бахлуур бударгана идсэн тэмээний хөлдүү хорголыг цуглуулж ирээд онгоцонд шанагадаад хийчихэд адуу, үхэр сайн идэж байсан. Зүгээр л хөлдүүгээр нь идчихнэ. Говийн хужир марааг орлодог гэх үү дээ.
Миний хувьд багсармал тэжээл хийх жижиг машинтай. Тэрүүгээр хомоол, хорголоо машиндаад малдаа өгөөд байдаг. Ер нь манай малчид хэд гурваараа нийлж тэжээл бэлддэг авсаархан тоног төхөөрөмжтэй болчихвол тун зүгээр. 1.8 сая төгрөгийн үнэтэй байдаг юм билээ. Түрээд хадлан хаддаг машин гэхэд нэг сая хүрэхгүй өртөгтэй. Энэ бол малчдад цагийг маш сайн ашиглах, бүтээмж өндөртэй, даацтайхан шиг тэжээл нөөцлөөд авах боломжийг бүрдүүлнэ.
 
Сайнцагаан сумын малчин В.Дашням: - Мал тэжээнэ гэдэг маш чухал ойлголт. Малаа тэжээх болон гар тэжээл бэлдэх аргад залуучууд нэн түрүүнд суралцах хэрэгтэй. Миний хувьд, говьд ургадаг хамгийн түгээмэл ургамал болох таанаар дарш хэрхэн хийх вэ гэдэг аргыг хэлж өгмөөр байна. Би 16 жил энэ аргыг ашиглаж малаа тэжээж байна. Энэ хугацаанд үнэхээр сайн тэжээл болох нь батлагдсан. Маш энгийн арга.
Таанаа 6- 7 дугаар сард толгой нь цэцэглээд 3 хонож байх үед түүж авна. Тааныг гялгар уут юмуу шуудай саванд хийж болохгүй. Үүнийгээ жижиглэн хэрчээд шар сүү, хахарсан айраг эсвэл устай багсарч бор давсаар баяжуулан даршилна. Таглаа нь төмөр бүслүүртэй том цэнхэр сав их тохиромжтой байдаг.
60- 70 литрийн саванд дарш бэлтгэх тухайд жишээ авъя. Үүнд 4 литр ус, шар сүү, эсвэл хахарсан айраг орно. Би шар сүүг ихэвчлэн ашигладаг.Бор давс 2- 3 кг хэрэгтэй. Эхлээд шар сүүндээ давсаа уустал хутгана. Маш сайн уусгаад 15- 20 литрийн багтаамжтай түмпэнд хэрчиж хийсэн таанан дээр 200 гр орчмыг хийгээд гараараа сайтар багсарч өгнө. Тааныг хэрчихгүй хийсэн ч болно. Гэхдээ хэрчвэл илүү сайн дагтаршиж өгдөг юм.
Шар сүүгээр багсарсан түмпэнтэй таанаа том савандаа хийгээд дагтаршуулна. Даршны хамгийн гол технологи бол дагтаршуулах явдал юм. Хөлдөө гялгар уутан углааш өмсөөд саван дотроо орж гишгэлж дагтаршуулах нь илүү дээр байдаг. Ийм маягаар түмпэнд таанаа багсарч бэлдээд савандаа хийж дагтаршуулсаар савыг бялхтал дүүргэнэ. Ингэхдээ бас нэг зүйлийг мартаж болохгүй. Нэг түмпэн таана хийж дагтаршуулаад дээгүүр нь дулимаг атгаар цагаан давс жигд цацдаг. Дараагийн түмпэнг хийлээ, дагтаршууллаа, давсыг мөн л цацна. Үе бүрт ингэж цацна гэсэн үг.
Хий зай оруулахгүйгээр л маш сайн нягтаршуулах нь чухал. Савны амсараар дүүргэж, овоолгож өгөөд гялгар уутаар тунтарна. Тунтарсаны дараа савыг таглаж төмөр бүслүүрийг бүслүүрдэнэ. Таглахад хий оруулахгүйн тул тааныг бялхам овоолж хийж байгаа юм шүү дээ. Тагны бүслүүрийг төмөр утсаар бэхлэхгүй бол хүчилж дарж тагласан болохоор түгжээ нь мултарч болзошгүй юм. Ингээд битүүмжилж авсан даршаа хавар задлахад зуны тааны үнэр яг хэвээр үнэртдэг, үнэхээр сайн тэжээл болдог.
Таана бол илчлэг сайтай ургамал учраас ядарч доройтсон мал нэг аяга хэртэйг идэхэд л хангалттай. Таанын дарш идсэн малын нүд сэргээд л байна уу гэхээс гал нь буурна гэж байдаггүй юм. Ялангуяа хээлтэй малаа сайн тэжээх хэрэгтэй.
 
T. Отгонтуяа
 
 
 
Холбоотой мэдээ