АНУ-ын Ерөнхийлөгч Өмнөд Солонгост айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-07 11:58:39
СӨҮЛ. /Ёнхап/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр өдрийн айлчлалаар Өмнөд Солонгост хүрэлцэн очлоо.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын төрийн тэргүүн орон нутгийн цагаар 11:00 цагийн үед Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт 70 орчим км зайтай орших Пёнтэк хот дахь Америкийн "Осан"-ы агаарын цэргийн хүчний баазад газарджээ.

Ноён Д.Трамп Өмнөд Солонгос дахь төрийн айлчлалаа Пёнтэк хот дахь Америкийн “Хамфрис” цэргийн баазын үйл ажиллагаатай танилцаж эхлүүлэх аж. Тэрбээр дараа нь Өмнөд Солонгос болон АНУ-ын зэвсэгт хүчнийхэнтэй үдийн зоог барьж, Солонгосын хойгийн одоогийн нөхцөл байдлын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авах ажээ.

Умард Солонгос түүхэн дэх хамгийн хүчтэй буюу зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийгээд удаагүй байгаа энэ үед АНУ-ын төрийн тэргүүн Өмнөд Солонгост айлчилж байна.

АНУ болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нар өнөөдөр үдээс хойш Сөүл хотноо Хөх ордонд хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ази дахь анхны айлчлалынхаа хүрээнд Япон улсад гурван өдрийн айлчлал хийснийхээ дараа Өмнөд Солонгост айлчилж байгаа юм. Тэрбээр Өмнөд Солонгос дахь айлчлалаа өндөрлөснийхөө  дараа Хятад, Вьетнам болон Филиппинд айлчилна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ