Дэлхийн зөн ОУБ-аас хөгжмийн зэмсгүүд хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-07 16:24:23
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн” ОУБ Дархан-Уул аймгийн хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлэхэд нийт 255 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн хугацаанд хийсэн бөгөөд Хүүхэд хөгжлийн ордны барилга барих санхүүжилтийн 50 хувийн төсвийг шийдвэрлэсэн. Тэгвэл тус байгууллагаас энэ удаад дахин хөрөнгө оруулалт хийж Хүүхэд хөгжлийн ордонд хөгжмийн зэмсгүүдийг гардуулан өглөө.

Тус ордонд соёл урлаг, танин мэдэхүй, зохион бүтээх, сонгодог болон ардын урлаг, загвар дизайн, илтгэх урлаг, мэтгэлцээн, амьдрах ухаан, уран баримал, зураг, техник сэтгэлгээ зэрэг хүүхэд багачуудын хүсэл сонирхолд нийцсэн хөгжлийн сургалт, дугуйлан, клубууд хичээллэж байна. Дархан сумын хүүхэд багачууд тус дугуйлангаас өөрийн хүсэл сонирхолоороо сонгон суралцах боломжтой. 17 төрлийн дугуйлангаас 4-5 дугуйлан нь төлбөртэй байдаг байна.
Тус ордон нь аймгийн Гэр бүл, хүүхэд , залуучуудын хөгжлийн газарт харъяалагддаг юм.
Дархан-Уул аймгийн Хүүхэд хөгжлийн ордон 2017 оны тавдугаар сард нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл 17 төрлийн дугуйланд 1100 гаруй хүүхэд багачуудыг хамруулан үйл ажиллагаагаа  тасралтгүй явуулж байна. 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ