Дунайн их сургуулиас хүүхдүүдэд тоглоом илгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймагт ажиллах үеэрээ Австри улсын Зальцбург, Тирол муж дахь Монгол Улсын өргөмжит консул болон Дунайн их сургуулиас бэлэглэсэн хүүхдийн тоглоомыг Улиастай сумын зургадугаар цэцэрлэгийн багш, хүүхдүүдэд хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа нь УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга бөгөөд Австри улсад ажлын шугамаар явах үедээ тус улсад суугаа элчин сайдаар дамжуулан Монгол Улсад элэгтэй, Монголын хүүхдүүдэд туслах чин сэтгэлтэй хүмүүстэй холбоо тогтоожээ. Энэхүү холбоогоороо дамжуулан Завхан аймгийнхаа цэцэрлэгүүдийг үе шаттайгаар хүүхдийн тоглоомоор хангах ажлыг эхлүүлсэн бөгөөд анхны тусламж, хүүхдийн тоглоом ийнхүү бяцхан эздийн гар дээр очлоо.
Б.Мягмарсүрэн