“Статистик-таны хэрэглээ” аян хаалтаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-10 17:32:40

Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсад Статистикийн алба  байгуулагдсаны 93 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Хэнтий аймгийн Статистикийн хэлтсээс “Статистик-Таны хэрэглээ” 14 хоногийн аяныг өрнүүлж, өнөөдөр хаалтаа хийлээ.

 

Аяны хаалтын ажиллагаа Төрийн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д зохион байгуулагдаж, иргэдэд аяны хүрээнд хийгдсэн ажлаа тайлагнан, мэдээлэл сурталчилгаа хүргэсэн юм.

“Статистик-Таны хэрэглээ” 14 хоногийн аяны хүрээнд тус аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон Хэрлэн сумын дөрвөн ЕБС-ийн 80 гаруй ахлах ангийн сурагч, 33 төрийн байгууллагын 550 гаруй ажилтан албан хаагчдад мэдээлэл сурталчилгаа хийж, үйл ажиллагаагаа танилцуулжээ. Ингэснээр иргэд статистик мэдээллийг ямар сувгаар авч, хэрхэн ашиглах тухай хэрэглэгчийн мэдлэгтэй болсон байна.

Тус хэлтэс нь нэг удирдах, дөрвөн мэргэжилтэн, хоёр судлаач, хоёр гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хэнтий аймгийн хэмжээний статистик тоо баримтыг стандарт маягтын дагуу салбар болгоноос бэлтгэн нэгтгэдэг аж.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ