“Статистик-хөгжилд хөтлөх хүч” сарын аян өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-10 18:00:27
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн Статистикийн хэлтсээс статистик мэдээ, мэдээллийн ашиглалт болон түүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Статистик-хөгжилд хөтлөх хүч” сарын аяныг өнгөрсөн сарын 11-ээс энэ сарын 11-ний хооронд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд, ДНБ-ний болон нэг хүнд ногдох ДНБ-ний тооцоо зэргийг сүүлийн 10 жилээр бэлтгэн өврийн дэвтэр хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах, Малчин, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулаг, Тэс, Ховд сумдын ЗДТГ-ын ажилтан албан хаагч нарт тухайн сумын статистик үзүүлэлтүүдээр танилцуулга бэлтгэж, мэдээлэл хүргэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлжээ. Мөн Их дээд сургуулийн оюутан болон ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд “Статистик Увс аймгийн хөгжилд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн баазыг анхан шатанд бүрдүүлж байгаа 93 багийн Засаг дарга нарын дунд мэдээллийн баазын шинэчлэлт, ашиглалт, хэрэглээний чиглэлээр уралдаан зарлаж “Шилдэг багийн Засаг дарга” шалгаруулах зэрэг ажлыг хийсэн байна. Эссэ бичлэгийн уралдаанд нэгдүгээр байрыг Алтан гадас одонт, Ю.Цэдэнбалын нэрэмжит улсын тэргүүний Цогцолбор нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Д.Цолмонгэрэл, хоёрдугаар байрыг мөн сургуулийн 12ж ангийн сурагч Н.Мөнхтуяа, гуравдугаар байрыг ахлах гуравдугаар сургуулийн 12а ангийн сурагч Ц.Мөнхсаруул нар эзэлжээ. Харин аймгийн 93 багаас Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн баазыг анхан шатанд бүрдүүлж, шинэ санаа гарган ажилласан Улаангом сумын гуравдугаар багийн Засаг дарга Т.Болдбаатар “Шилдэг багийн Засаг дарга”аа-р шалгарсан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ