Төрийн сангийн зээлээр гадаадад сурсан 393 иргэн гэрээгээ биелүүлээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-11-13 14:01:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын зээлийн сангаас өөрийн албан ёсны цахим хуудсандаа 1997-2012 оны хооронд төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарлалаа.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллах үеэрээ Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан иргэдийн судалгаатай нарийвчлан танилцаад сургалтын төрийн сангаас зээл авч гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон иргэдийн судалгааг илүү нарийвчлан гаргахыг чиглэл болгосон байна. Мөн буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж, нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай хэмээн үүрэг болгосон тул Боловсролын зээлийн сангаас уг мэдээллийг нэгтгэн гаргажээ.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан иргэд Боловсролын зээлийн сангийн холбогдох мэргэжилтэнтэй энэ сарын 7-ноос ирэх сарын 8-ны хооронд ирж уулзах, заасан хугацаанд ирж уулзаагүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авах юм. Боловсролын зээлийн сангаас гаргасан зар мэдээллийг http://www.elf.mn/p013/# линкээр орж үзэх боломжтой. 

Б.Туул

Холбоотой мэдээ