Баяндун суманд хүүхдийн цэцэрлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-14 12:14:22
Дорнод /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс, хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дорнод аймгийн Баяндун суманд хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такаока Масата болон аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар гарын үсэг зурлаа.
Буцалтгүй тусламж нийтдээ 90 мянган ам.доллар буюу 200 гаруй сая төгрөг юм. Барилгын ажлыг ирэх хавар эхлүүлж, намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Баяндун суманд цэцэрлэгийн насны 260 орчим хүүхэд бий. Өнөөдрийн байдлаар тэдний 90 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Сумын цэцэрлэг 1970-аад онд орон сууцны зориулалтаар барьсан байранд ажиллаж байгаа бөгөөд ашиглалтын хугацаа хэтэрчээ. Харин дээрх төсөл хэрэгжсэнээр тус сумын хүүхдүүд тохь тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрдэх юм.
Япон улсын Засгийн газар “Өвсний үндэс” төслийг 1990 оноос манай улсад хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн 500 гаруй төслийн 24 нь Дорнод аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт хуваарилагджээ.
 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ