Хэнтийн МСҮТ 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. БСШУЯ-ны харъяа Хэнтий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв ойн мэргэжлийн ангийн сургалт дадлага хийхэд зориулагдсан 100 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжтэй боллоо.
Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь 2” нэртэй төслийн хүрээнд энэхүү тоног төхөөрөмжийг олгосон аж. Тус төслөөс үлдэгдэл 100-аад сая төгрөгийн тоног төхөөрөмжийг ирэх онд хүлээлгэн өгөх юм байна.
МСҮТ-ийн ойн ангид суралцаж байгаа оюутнууд өмнө нь сургалтын анги танхим, хэдхэн хүрзнээс өөр зүйлгүй байсан бөгөөд ийнхүү Герман улсад үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй болсон нь ой бүхий сумдын ойн анги, нөхөрлөлийг чадавхжуулах, чадвартай боловсон хүчин бэлдэх нөхцөл боломж бүрдэж байгаад сургуулийн удирдлагууд баяртай байлаа.
Түүнчлэн МСҮТ нь Өмнөдэлгэр суманд 100 га ойг сургалтын бааз болгон ашиглахаар болж, мэргэжлийн байгууллагаар “10 жилийн ойн менежментийн төлөвлөгөө”-гөө боловсруулуулж, тус төлөвлөгөөний дагуу сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ.
Д.Одонтунгалаг