Зимбабве улсын Ерөнхийлөгч Р.Мугабе гэрийн хорионд орсон бололтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-16 09:42:25
ХАРАРЕ. /Ройтерс/. Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе-г гэрийн хорионд оруулсан байж магадгүй гэсэн мэдээлэл байна.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, өчигдөр өглөө тус улсын нийслэл Хараре хот дахь төв телевизийн байр руу цэргүүд дайран орж, мэдэгдэл хийхдээ "Ерөнхийлөгч Р.Мугабе аюулгүй байгаа. Энэ улс орныг хямралд оруулж буй гэмт хэрэгтнүүдтэй бид тооцоо бодсоныхоо дараа нөхцөл байдлыг хэвийн болгоно. Энэ бол цэргийн эргэлт биш" гэсэн юм. 

Харин Зимбабвегийн хөрш ӨАБНУ-ын Засгийн газар өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Жейкоб Зума өнөөдөр Р.Мугабетай утсаар ярьсан. Гэртээ хоригдож байна гэж Р.Мугабе манай ерөнхийлөгчид хэлсэн” гэжээ.

Зимбабвегийн армийнхны явуулж буй ажиллагааг шинжээчид "цэргийн эргэлт" гэж үзэж байна.

Р.Мугабе нь Зимбабве улсыг бараг 40 жил буюу 1980 онд тусгаар тогтносноос  нь хойш  удирдаж байгаа юм. Түүнийг өрнөдийн улсууд “дарангуйлагч” гэж шүүмжилдэг билээ. Өдгөө 93 настай тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн юм.

Тус улсад ирэх онд ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор эрх мэдлийн төлөөх тэмцэл гаарах төлөвтэй байна. Ажиглагчдын үзэж буйгаар, Р.Мугабе өнгөрсөн долоо хоногт Дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва-г огцруулсан нь армийнхныг “цэргийн эргэлт” хийхэд хүргэсэн байж магадгүй. Эммерсон Мнангагва нь армийнхныг ихээхэн дэмждэг нэгэн аж.
 Г.Доржханд
Холбоотой мэдээ