Элэгний С вирусын эмчилгээ хийлгэх шаардлагатай 1200 орчим иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-16 16:50:43
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд элэгний В, С вирус илрүүлэх үзлэгт 45-60 насны 15 мянга орчим иргэн хамрагдах ёстойгоос одоогоор 8600 гаруй иргэн хамрагдсан байна. Тэдний 1200 орчим нь элэгний С вирустэй хэмээн оношлогджээ. Эдгээр 1200 иргэд эмчилгээний Ледвир эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болжээ. 

Тодруулбал, "Элэг бүтэн Монгол” “Хавдаргүй Сүхбаатарчууд” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймгийн иргэдэд элэгний С вирусын "ЛЕДВИР" эмийг хөнгөлөлттэй үнээр олгох ажлын хүрээнд тус аймгийн  Эрүүл мэндийн газар /ЭМГ/-ын дарга Н.Батсанаа, "Монгол эм импэкс концерн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болормаа нар өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурагдаж, баталгаажсан өдрөөс эхлэн дээрх иргэд эмийн хөнгөлөлтөө шууд эдлэх эрхтэй болсон байна.
 
Санамж бичигт тусгагдсанаар аймгийн ЭМГ ледвир эмийн хөнгөлөлтийн талаарх мэдээллийг эмчилгээ хийлгэж буй иргэд болоод эмчлэгч эмч нарт тогтмол мэдээлэл өгөх, "Монгол эм импэкс концерн" ХХК нь эмийг хугацаанд нь таслалгүй нийлүүлэх үүргүүдийг хүлээж, талууд үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хамтран хэрэгжүүлах юм. Санамж бичиг нь дөрвөн жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх ажээ.

Дахин сануулахад зөвхөн Сүхбаатар аймгийн иргэд тус хөнгөлөлтийг эдлэх юм. Элэгний С вирусын эмчилгээ хийлгэж буй иргэд эхний тун болох хоёр хайрцаг эмийг тус бүр 80 мянган төгрөгөөр авч, гурав дахь хайрцаг эмийг үнэ төлбөргүй авна.

11 дүгээр сарын 14-ний байдлаар АНЭ-т элэгний С вирусын эмчилгээг 150 орчим иргэн хийлгэж байгаа аж. 
Т.Одончимэг 
Холбоотой мэдээ