Зүүн бүсийн залуус Чойбалсан хотод чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-21 19:14:33
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чойбалсан хотод зүүн бүсийн залуучуудын төлөөлөл чуулав. Чуулга уулзалтад 80 гаруй хүн оролцжээ. Монголын Залуучуудын холбоо нь НҮБ-ын Ардчиллыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр “Эрхээ идэвхжүүлье-Залуучуудын оролцоо” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулсан байна.
Залуусыг нийгэмд шийдвэр гаргах төвшинд оролцоотой байхыг уриалж, тэднийг нэгтгэх зорилготойгоор чуулж байна гэж МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ярьсан юм.
Зүүн бүсийн залуучуудын чуулган хоёр өдөр үргэлжиж, эхний өдөр МЗХ-ны Ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх, “Их Монгол Язгууртан” ТББ-ын тэргүүн Ө.Баяраа “Монгол Залуу Хүний оролцоо”, “Бизнес нэгдлийн дээд зөвлөл”-ийн тэргүүн А.Лхагвасүндэв “Иргэний оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газрын Залуучуудын газрын дарга Г.Батдорж “Хувь Хүний хөгжил”, Залуучуудын хөгжлийн бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мандуул “Залуучуудын Хөгжлийн тухай хууль”-ийн танилцуулгийг залууст хүргэсэн байна. Чуулганы дараагийн өдөр Жэндэрийн Үндэсний шинжээч Ж.Занаа “Эмэгтэйчүүдийн оролцоо” тэр дундаа залуу эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн сэдвээр илтгэл тавьж, практик сургалт явуулжээ.
Залуус өөрсдөө нэгдэн, эв нэгдэлтэй байж, оролцоогоо аль ч салбарт нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нийлэв.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ