Энэ сард “Хүний төлөө зөв тус” аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-07 15:58:27

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Хүний төлөө зөв тус” аяныг эхлүүлээд байна. Өнгөрсөн хавар барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай зэрэг дэд бүтцийн салбарт ажлын хариуцлага, сахилга бат, аюулгүй байдлыг хангуулж, осол аваараас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах зорилгоор эхэлж байсан “Хүний төлөө зөв тус” аян энэ удаа эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг нийтэд сурталчилж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулж, байгууллагын дотоодын хяналтын тогтолцоог сайжруулахад зорилго чиглүүлсэн байна. 

Нэг сарын турш үргэлжлэх аяны хугацаанд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын хоол үйлдвэрлэл, эм эмнэлэгийн хэрэгслийн чанар аюулгүй байдал, халдвар хамгаалалтын дэглэм сахиулах талаар холбогдох ажилтан алба хаагчид болон иргэдийг оролцуулан сургалтууд зохион байгуулж, хэд хэдэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийнэ гэж тус аяныг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, эмчилгээний чанарын улсын хяналтын ахлах байцаагч Б. Үнэнцэцэг хэллээ. Нийт 40 гаруй ажлыг аяны хугацаанд  төлөвлөсөн байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн үдийн цай, хоолонд бэлтгэн нийлүүлж байгаа хүнсний үзэсгэлэн гаргаж, эрүүл зөв хоол хүнс бэлдэн нийлүүлж байгаа тогооч нарын туршлага солилцох уулзалт зохион байгуулна.Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын орчин хэрхэн хангагдсан болон багшийн ажлын ачаалал хүүхдийн сургалтын чанарт нөлөөлөх эсэх,  хүүхдийн сурлага, эрүүл мэндэд цахим тоглоом хэрхэн нөлөөлөх зэргээр тандалт явуулж, хэлэлцүүлэг хийнэ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлэгийн орчны стандарт шаардлагыг хангуулах, эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгодог комиссын үйл ажиллагаанд хяналт хийх, үсчин гоо сайханы газруудын эрүүл ахуй халдвар хамгаалалыг сахиулах зэрэг олон ажил жагсаажээ. 

Дундговь Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд