“Эзэн заяа” наадамд 50 гаруй сурагч уран уншлага, яруу найргаар өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-24 18:00:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа” уран уншлага, яруу найргийн наадмыг 6 дахь жилдээ зохион байгууллаа.

Сүхбаатар дүүргийн хятад хэлний сургалттай “Үй-Цай” сургуулийн Монгол хэл уран зохиолын танхим, “Пүрэвдорж сан”-тай хамтран зохион байгуулдаг тус тэмцээнд нийслэлийн ЕБС-ийн 22 сургуулийн 50 гаруй сурагч өрсөлдөв.

"Үй-Цай" сургуулийн захирал Д.Цэцэгмаа, “Гадаад хэлний сургалттай сургуулийн сурагчдыг төрөлх хэлээ мартдаг, эх оронч үзэл, ёс заншлаа мэддэггүй гэдэг өнгө аяс байдаг бол манай  сургууль сургалт хүмүүжил, хичээлийнхээ хөтөлбөрт албан ёсоор оруулж хэвшүүлсэн. Сурагчдын яруу найраг шимтэн сонирхох, уран унших, шүлэг зохиох, авьяас чадварыг урамшуулан дэмжих, эх орон, ёс заншил, түүх соёл, оюуны үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх, түүгээрээ бахархах үндэсний ухамсрын төлөвшлийг дэмжих, яруу найрагчийн уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, оролцогчдын идэвх оролцоо, ур чадвар улам сайжирч байна. Энэ тэнгэрлэг сайхан яруу найрагчийн уран бүтээл нь хүн бүхний сэтгэлийг огшоодог, мартагдашгүй өв соёл юм. Энэ яруу найргийн тэмцээн хүүхдүүдийн дунд амь бөхтэй оршиж, хэв шинжээ олж байгаад баяртай байна” гэв.

Энэ удаагийн тэмцээнийг бага, дунд, ахлах гэсэн насны ангиллаар хоёр үе шаттай явуулсан юм. Тэмцээнд оролцогчид Д.Пүрэвдоржийн эх орон, иргэний сэдэвт шүлэг яруу найргаас сонгон уран яруу унших бол хоёрдугаар шатанд шүүгчдээс өгсөн сэдвийн дагуу шүлэг зохион унших зэргээр шилдгүүдийг шалгаруулав.



Наадмын 1-5 дугаар ангийн ангилалд тэргүүн байрт Үй-Цай сургуулийн гуравдугаар ангийн сурагч Л.Буяннэмэх, дэд байрт Үй-Цай сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Э.Бөртэ-Үжин, гуравдугаар байрт 13 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Л.Эрхэмбаяр нар шалгарав.

6-9 насны ангилалд тэргүүн байрыг 71 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч Б.Болортуяа, хоёрдугаар байрыг 24 дүгээр сургуулийн 7 дугаар ангийн сурагч М.Энххорлоо, гуравдугаар байрыг Үй-Цай сургуулийн 8 дугаар ангийн сурагч У.Намуун нар тус тус эзэлсэн юм.

10-12 дугаар ангийн ангилалд тэргүүн байрт Үй-Цай сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Хулан, дэд байрт Өсвөрийн зохион бүтээгчдийн лицей ахлах сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.тэмүүлэн, гуравдугаар байрт Үй-Цай сургуулийн 11 дүгээр ангийн сурагч э.Учрал нар шалгарав.

Тэмцээний шүүгчээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн шагналт, Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч Ж.Сарантуяа, МЗЭ-ийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч З.Ядмаа нар ажилласан юм.

Энэ удаагийн наадамд ӨМӨЗО-ы иргэн Э.Бадрангуй яруу найрагч Р.Чойном, О.Дашбалбар, Д.Пүрэвдорж, ӨМӨЗО-ы Л.Чулуунбаатар нарын сонгодог дөрвөн мөртөөр уран бичлэгийн үзэсгэлэн гаргасан байв.

Дашрамд дурдахад, энэ өдөр тус сургуулийн багш, ажилчид, сурагчид үндэсний хувцсаар гоён, загварын шоу үзүүлдэг уламжлалтай аж.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Холбоотой мэдээ