Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг "гадаадын агент"-д тооцох тухай хуульд В.Путин гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-26 10:38:26
МОСКВА. /Спутник/. Орост үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “гадаадын агент” гэж бүртгэх тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт буюу өчигдөр гарын үсэг зуржээ.
 
"Спутник" агентлагийн мэдээлснээр, Кремлиэс санхүүжилт авдаг “Russia Today” агентлагийн Америк дахь салбарт “гадаадын агент” гэж бүртгүүлэхийг шаардсан агуулга бүхий албан бичгийг АНУ-ын Хуульзүйн яам энэ сарын эхээр илгээсний хариуд ОХУ-ын парламент “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тухай хууль”-даа “Орост үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “гадаадын агент” гэж Оросын холбогдох байгууллагад бүртгүүлэх шаардлагатай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан байна.
 
Оросын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тухай шинэчилсэн хуульд зааснаар, хэрвээ тухайн хэвлэл мэдээллийн байгууллага гадаад улс орноос санхүүжилт авдаг л бол “гадаадын агент” гэж бүртгүүлэх ёстой ажээ. Мөн гадаадаас санхүүжилт авдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд нь “гадаадын агент” гэх статустай төрийн бус байгууллагуудтай адил үүрэг хариуцлага хүлээх ажээ.
 
“Гадаадын агент” гэж бүртгүүлээгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх хэмжээний арга хэмжээ авах гэнэ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ