Гвинейд “Эбола”-гийн халдвар авсан сүүлийн хүн эдгэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-17 10:10:11

РАБАТ. /Reuters/. Гвинейд “Эбола” вирусийн халдвар авсан сүүлийн өвчтөн болох 19 өдрийн өмнө мэндэлсэн хүү эдгэрч, тус улсын нийслэл Конакри хотын эмчилгээний төвөөс гарчээ.

“Эбола”-гийн халдвар авсан сүүлийн өвчтөн эмнэлгээс гарлаа. Эдгэрснийх нь дараа бид хоёр удаа шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан” гэж өвчний эмчилгээг зохицуулах холбооны төлөөлөгч Фоде Тасс Силлы мэдээлсэн байна.

Хүүхэд “Эбола” вирусийг эмчлэх төвд халдвартай ээжээс төрсөн бөгөөд эх нь нас баржээ. Хүү эмнэлгээс гарсан нь үхлийн аюултай уг вирустэй одоог хүртэл тэмцсээр байгаа сүүлийн орон болох Гвинейд халдвар авсан сүүлийн хүн эдгэрснээс хойш өнгөрөх ёстой 42 хоногийг эхлүүлж болно гэсэн үг юм.

“Эбола”-гийн халдвар тархсан Баруун Африкийн бас нэг орон болох Сьерра-Леонд уг вирусийн халдварын тархалтыг бүрэн зогсоож чадсаныг 11 дүгээр сарын 7-нд мэдэгдсэн билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Баруун Африкт “Эбола”-гийн халдвар тархсанаас хойш 28600 гаруй хүн уг аюултай вирусийн халдвар авснаас 11300 гаруй нь нас баржээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ