Үзэгч хүүхдүүд “Гурван бяцхан тоорой” жүжигт хамтран тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-28 10:37:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бүтээлч Бамбуу" ТББ-ын “Бамбуу “театрын уран бүтээлчид "Гурван бяцхан тоорой" хүүхдийн жүжгийг хүүхэд багачуудад толилуулахад бэлэн болжээ.
Эл бүтээл нь Монголын хамгийн анхны бага театрын үзэгч хүүхдүүдийн оролцоот жүжиг гэдгээрээ онцлогтой.
Англи ардын үлгэрээс сэдэвлэн Сергей Михалковын жүжгэн хэлбэрт оруулсан хувилбараар шинэлэг, орчин үеийн хэлбэрээр тавьсан эл бүтээл нь "Олны хүч оломгүй далай", "Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал", "Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл", "Эвт шаазгай буга барина" гэсэн сургаал үгээр дамжуулан жүжгийн санааг гаргажээ. Мөн аймхай хулчгар, залхуу хойргын эсрэг аливаад тууштай хөдөлмөрч хичээнгүй тусч байх, онгироо бардам байж болохгүй, олонтойгоо нийцтэй нөхөрсөг байх тухай өгүүлсэн сургамжит, хүмүүжлийн ач холбогдолтой жүжиг юм.
Тус жүжиг ирэх сарын 03-наас эхлэн 09, 10, 16, 17, 23, 24, 30, 31-нийг дуустал "Чойжин Сүитс" бага театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болно. Тасалбар нь 10, 15 мянган төгрөгийн үнэтэй аж.

Дашрамд дурдахад, энэхүү бүтээл нь БСШУ-ы сайдын 228 дугаар тогтоолоор Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартад заавал судалж мэдсэн байх ёстой, хүүхдэд зориулсан уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалтад орсон билээ.
Ж.Болор
Холбоотой мэдээ