Нийслэл ирэх онд 800 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-28 13:34:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус хоёрдугаар чуулганаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
2017 онд нийслэл 718.9 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас өнгөрсөн сарын эцсийн байдлаар 552.8 тэрбум төгрөг буюу 76.9 хувийг бүрдүүлжээ. 2017 он дуусахаас өмнө татвар болон бусад орлогоос 97.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Харин УИХ-аас 2018 оны Улсын төсвийг батлахдаа нийслэлийн төсвийн суурь орлогыг 660.9 тэрбум, суурь зарлагыг 323.2 тэрбум төгрөг байхаар баталсан байна. Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг дээрх хүрээнд боловсруулсан гэдгийг Хотын дарга танилцуулав.
Тэрбээр, “Бид Улаанбаатар хотын 2018 оны төсөвт  800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 630.7 төгрөгийг хотын шуудын төсөв, дүүргүүд 169.7 тэрбум төгрөгийн орлого  бүрдүүлнэ. Орлогын 90 хувь буюу 721.5 тэрбум төгрөг зөвхөн татварын орлогоос бүрдэх юм. Хотын шуудын урсгал зардал 342.2 тэрбум төгрөг байна. Үүнээс 107.1 тэрбум төгрөгийг нийгмийн халамж, 94.8 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих хөнгөлөлт, 40.2 тэрбум  төгрөгийг хот тохижуулах, 5.2 тэрбум төгрөгийг  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна. Мөн 15.9 тэрбум төгрөгийг “Бичил зээл”, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх” сан”-гийн зардалд  тусгасан байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг  354.5 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байгаа. Ирэх онд нийслэлийн төсвийн 111 тэрбум  585 сая төгрөг,  нийслэлийн замын сангийн хөрөнгөөр  36 тэрбум  862  сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  11 тэрбум  471.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт өрнүүлнэ. Энэхүү хөрөнгийг хот байгуулалт, нийгмийн салбар, авто зам,  байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулах юм. Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, бичил цэцэрлэг байгуулах, эмнэлгүүдийн гадна зам талбайн тохижилтын ажлуудыг ч хийх юм. Төсвийн төслийг боловсруулахад нийслэлийн 300 гаруй иргэнээс санал авсан” хэмээв.

Хотын даргын танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж байна. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл, “Сангийн яамнаас нийслэлийн төсвийн орлогыг өндөр, зарлагыг хэт багаар тооцдог. Тэгээд орлогынх нь 60 хувийг улсын төсөвт татдагаас нийслэл бүтээн байгуулалтаа хангалттай өрнүүлж чадахгүйгээс гадна эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулдаг. Тиймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулж, зарлагыг өндөр, орлогыг багаар тооцоход анхаарах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.
Мөн төлөөлөгчдийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Гэр хорооллын дахин төлөвлөлт,  бичил бизнесийг дэмжих зэрэг томоохон ажлуудын төсөв өнгөрсөн оныхоос огт нэмэгдээгүй байгааг шүүмжилж байна. 
Хуралдаан үргэлжилж байна.

Ч.Ариунболд
 
Холбоотой мэдээ