Газар тариалангийн эх орон Буянт сум 90 жилийн ойдоо...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-07 17:55:18

Ховд аймагт Буянт сум байгуулагдсаны 90 жилийн ой 9 сарын 04-06 ны өдрүүдэд тохиож байгаа юм.

Ховд аймгийн Буянт сум 1916 онд Жамсран бээсийн хошуу, 1921-1922 онд Тариачин хошуу, 1922 оноос Наранхайрхан уулын хошуу, 1926 оноос одоогийн сумын зохион байгуулалтанд орж, улмаар Буянт сум гэж нэрлэгдэж, 1937 онд анхны хоршсон аж ахуйн нэгж “Соёл” нэгдлийн үндэс суурь тавигдаж хөгжсөн түүхтэй. 
    Буянт сумын төвийг 1958 онд Ховд аймгийн төвд шилжүүлж улмаар 1979  онд тус суманд Тэжээлийн аж ахуй, Эрдэм шинжилгээний станцын хамт төвлөрүүлэхэээр шийдвэрлэж Норжинхайрхан хэмээх одоогийн оршин байгаа газарт суурьшсан. Буянт сум нь Алтайн уулархаг муж, Их нууруудын сав газарт  367950 га  нутаг эзлэн оршдог. Ховд хотоос 25 км, зүүн талаараа Мянгад сум, урд талаараа Чандмань, Манхан сум, баруун талаараа Дуут сум, хойд талаараа Ховд сумтай хиллэдэг. 
Сумын нутаг дэвсгэрээр улсын чанартай засмал зам дайрч өнгөрдөг ба баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон зэрэг дэд бүтцийн давуу талуудтай.  Мөн үүрэн телефоны Mobicom, G-Mobail, Unitel, Skytel-ын сүлжээтэй ба бүсийн төвлөрсөн зах зээлд ойрхон, “Мянганы замын” хэвтээ, босоо тэнхлэгийн зангилаа болж ирээдүйд Ховд хотын дагавар, загвар сум болон хөгжих сумын нэг.
Буянт сум нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 5 багаас бүрддэг. Халх, Казак, Тува, Узбек, Захчин, Өөлд, Торгууд, Дөрөвд, Урианхай, Мянгад гэх үндэстэн, ястнаас бүрдсэн 3209  хүн амтай, 857 өрхтэйгээс 423 нь малчин өрх байна.  
     Хүн амын дийлэнх нь мал аж ахуй, газар тариалан эрхэлэдэг. 2014 оны эцсээр сумын хэмжээгээр 152123 толгой мал тоологджээ. 
     Сүүлийн жилүүдэд 434 өрх 642 гаруй га газар эзэмшиж, төмс хүнсний ногоо тариалж, жилд дундажаар 9770 гаруй тонн төмс, хүнсний ногоо хураан өөрийн болон хөрш аймаг, сумын хэрэгцээнд нийлүүлж байна. Манай сумын тариаланчид шар төмс, тарвас, амтат гуа тариалдгаараа баруун бүсдээ тэргүүлэх арвин их туршлагатай. 
Нутаг дэвсгэрийн хэмжээнд хадлангийн талбай ихтэй бөгөөд жилд 15.0–20.0 мянган тонн хадлан бэлтгэж зэргэлдээ сум, аймгуудад нийлүүлдэг юм. 

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд