Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирэх оноос нийтийн тээврээр үнэгүй зорчино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-30 10:24:16
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Засаг даргын тамгын газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа явуулахад төрөөс болон орон нутгийн түвшинд дэмжлэг үзүүлэх, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд нэгдсэн бодлого шийдвэр гаргах баялаг бүтээгчдийн оролцоог нэмэгдүүлж, шинэ санал санаачилга гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн өрхийнхөө идэвхтэй гишүүн байж, өөрсдийн давуу талаа бусдад түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд “Эрхийг нь хүндэлж хөдөлмөрийг нь үнэлье” зөвлөлгөөн зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга Л.Ганболд оролцож хэлсэн үгэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцоход тулгардаг гол бэрхшээл бол орчны дэд бүтцийн асуудал юм. Энэ онд ажлын хэсэг байгуулан төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагуудад дэд бүтцийн асуудалд үнэлгээ хийлгэж судалгаа гаргасан. Ирэх оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн ажлын байрыг бий болгон тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэгийг нээн ажилуулна” гэдгийг онцолж байв. Зөвлөлгөөнд сум бүрийн төлөөлөл болсон 120 иргэн оролцож, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замыг стандартын дагуу байгуулах, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц, гэрлэн дохионуудад дуут дохиог бий болгох, товгор зам байгуулах шаардлагатай байгааг онцолж байлаа.
Б.Гантуяа     
Холбоотой мэдээ