Халдлага үйлдэгчийн талаар Турк анхааруулсан байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-17 13:14:15

ЛОНДОН. /AA/. Парист халдлага үйлдсэн зэвсэгт этгээдүүдийн нэгний талаар Турк хоёр удаа Францад анхааруулсан байна.

Омар Исмаил Мостефайн талаар 2014 оны 12 дугаар сард болон энэ оны 7 дугаар сард Францын холбогдох албаны хүмүүст анхааруулсан гэдгээ нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээллээ.

Аль аль тохиолдолд нь Францаас хариу өгөөгүй байна.

“Bataclan” концертийн танхимд үлдээсэн хурууны хээгээр Францын эрх баригчид илрүүлж тогтоосноор, Парисын халдлагын эхний халдагч этгээд нь Францын иргэн, 29 настай, Мостефай байсан байна.

Баасан гарагийн шөнө Парисийн концертийн танхимд байсан хүмүүс рүү гал нээж, наад зах нь 89 хүний аминд хүрсэн гурван этгээдийн нэг нь Мостефай байжээ. Цагдаа нар барилгад орж ирэх үед тэрбээр амиа золиослосон байна.

Өнгөрсөн жил 10 дугаар сарын 22-нд сэжигтэй 4 террористын талаарх мэдээллийг Франц улс Туркийн эрх баригчдаас асуусан байна. Туркийн талаас тэдгээр дөрвөн этгээдийн нэг нь Мостефай байж болох талаар мэдээлсэн ч Парист халдлага гарах хүртэл түүний талаар Франц дэлгэрэнгүй мэдээлэл хүсээгүй байна.

2013 онд Мостефай Туркт нэвтэрсэн гэсэн хэвлэлийн мэдээллийг нотлох баримт гарч ирээгүй байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ