Хүүхдийн эерэг үзүүлэлтүүд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-12-03 14:32:53
Гэрээсээ аав, ээжээсээ урт богино хугацаагаар хол амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигдөх магадлал өндөр гэж  мэргэжлийн байгууллагууд үздэг байна.  Ийм хүүхдүүдийг хэд хэдэн бүлэгт хуваан авч үздэг аж. Тухайлбал сүм хийдэд шавилан суудаг хүүхдүүдийг  нэг бүлэг болгосон  байна. 

Шашны сүм хийдэд хүүхдүүд шавилан суух, үйл ажиллагаанд нь хэрхэн оролцдог талаар Хүүхдийн төлөө үндэсний газар (ХТҮГ) орон нутгийн байгууллагуудтай хамтран  2014 онд  21 аймаг, нийслэлийн 3 дүүргийн сүм хийдийн төлөөлөл болгон Будда, Христ, Исламын шашны үйл ажиллагаанд хамрагддаг 2282 хүүхдийн дунд судалгаа явуулсан байна. Тэднээс буддын шашны сүм хийдэд тогтмол шавилан суудаг 502 хүүхэд байсан бөгөөд 1780 хүүхэд бусад шашны сүмд хүссэн үедээ ирж, үйл ажиллагаанд нь тогтмол хамрагддаг гэжээ.  

Судалгаагаар сүм хийдэд хүүхдэд зориулсан дүрэм, ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар нэгдсэн журам,  зохицуулалт байхгүй. Ялангуяа шашны ном зааж байгаа лам багш, ажилтнууд хүүхдийн эрхийг ханган ажиллах  талаар мэдлэг дутмаг байгааг  тогтоожээ. Шашны байгууллага  зөвхөн шашны ном заахыг урьтал болгодог. Иймээс  шавилан сууж байгаа хүүхэд орчин цагийн шаардлагад нийцсэн боловсрол эзэмших боломжгүй. Түүнд үндсэлэн шавлан суусан хүүхдийн  эрх зөрчигдөх магадлал өндөр гэж ХЭҮК үзэж, шашины сургалттай ерөнхий боловсролын сургуулийг улсын хэмжээнд бүсчлэн байгуулах шаардлагатай  гэсэн  зөвлөмж гаргасан байна.

Энд дурдхад шашны хийд, дацанд ХЭҮК-ийн судалгаагаар 2002 онд 1248 хүүхэд суралцаж байснаас 8 хүртэл насны хүүхэд 29 байжээ. Энэ тоо 2006 он гэхэд 6522 хүрсэн бөгөөд 8-аас доош насны хүүхдийн тоо 284 хүрсэн байна. Харин 2006 оны 7 дугаар сарын 1-ээс хүүхдийн мөнгө хөтөлбөрт ерөнхий боловсролын дунд сургуульд хамрагдаагүй, гэр бүлтэйгээ хамт амьдраагүй хүүхдийг хамруулахгүй гэсэн шалгуур үзүүлэлт тавьсны дагуу дацан, хийдэд шавилан суусан хүүхдийн тоо статистикийн мэдээгээр 2011 онд  1362 болж буурсан бөгөөд 8 –аас доош насны хүүхдийн тоо 15 болон буурсан гэнэ.

Хүүхэд бүрт мөнгө олгох  төрийн бодлогыг тухайн үед олон хүн  эсэргүүцэж байсан билээ. Гэвч насанд хүрээгүй хүүхэд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж урагшлахад нь том хүч болсон байгааг энэ тоон үзүүлэлтээс харж болох нь ээ. Төрийн хүүхдийн мөнгөний бодлого  бага насныхныг суурь боловсрол олоход  ач холбогдолоо өгсөн нь тодорхой байна.

Ер нь олон улс оронд шашны дацан, хийдийг сургалтын байгууллага гэж үзэхээсээ илүүтэй хуучин байдлыг нь хэвээр нь хадгалж, музей хэлбэрээр ашиглаж бусдын хүртээл болгодог гэх юм билээ. Монголчууд ч энэ замаас хазайхгүй болов уу.

Үйл ажиллагааны хүрээнд 7 аймаг 3 дүүргийг хамруулсан “Хүүхдийн шударга  байдлын төлөв” судалгааг 2012-2014 оны хооронд БНСУ-ын Транспрэнси интернэшнил  байгууллагын боловсруулсан арга зүйгээр явуулсан аж. Хүүхдийн шударга байдалын түвшинг 1-5 оноогоор үнэлэхэд 2013 онд 3.71 гарсан нь өмнөх оныхтой харьцуулахад 0.78 пунктээр   өсчээ. Судалгаагаар  12 настай хүүхдийн  шударга байдлын түвшин 3.87  хувь  байсан нь хамгийн өндөр 11 настай хүүхдийнх хамгийн бага  3.51  байсан нь судалгаанд хамрагдсан  бусад насны хүүхдийнхээс ялгаатай байсан аж.

Ёс зүй, зан суртахууны дундаж үнэлгээ 2013 онд 3.80 хувь, зөв төлөвшлийн үнэлгээ 3.83  хувь  хууль ягштал сахихын дундаж үнэлгээ 3,83 гарч өмнөх оноос өссөн байхад, авлигыг үл тэвчих байдлын дундаж үнэлгээ 3.35  гарч 2012 оныхоос 0.49 буурчээ. Хүүхдийн шударга байдлын үнэлгээг хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэй нь 3.69 хувь, охидынх 3.73 хувь гарчээ. Судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотод 3.66  хувь, хөдөө аймгийнх 3.75 хувь байсан байна. Харин хот, хөдөөгийн хүүхдүүдийг харьцуулж үзэхэд хөдөөгийнх нь илүү шударга гэж тогтоогдсон байх юм. 2013 оны энэ үзүүлэлд 2014 онд дээшилсэн гэж  уг судалгааны дүнэлтэд нь бичсэн байна.  Монгол “хүүхдүүдийн шударга байдлын төлөв” судалгаагаар өндөр гарч байгааг эндээс харж болно. Уулын чинээ  цагааныг туулайн чинээ бараан харлуулна гэж...

Нийгмийг бүрэхсэн бараа мэдээнээс давж хүүхдүүдийнхээ сайн сайхныг монголчууд бид харж чадахгүй болчих вий дээ.Хүүхдийн мөнгөний талаарх төрийн бодлого, “Хүүхдийн шударга байдлын төлөв”  гэдгийг тодруулсан судалгааны дүн хоёрыг зэрэгцүүлэн аваад үзэхэд, хүүхдийн зан байдлын эерэг үзүүлэлт нь ижилхэн  өндөр байгаа юм  шүү.                                                                                                                                                                                                                                                                                                                      Г.Эрдэнэбат
Холбоотой мэдээ