Цагдаагийн алба хаагчид цусаа хандивлаж буян үйлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 18:03:53

Өвөрхангай аймгийн аймгийн Цагдаагийн газрын хамт олон бусдад буян болохоор сайн дураараа цусаа бэлэглэцгээлээ.

БОЭТ-ийн цусны банкинд өнгөрсөн 7 сард Онцгой байдлын газрын аврагчид цусаа хандивласан бол өнөөдөр цагдаагийн алба хаагчид ийнхүү буянтай үйлсийг бүтээж байна. Ирэх 12 сард Зэвсэгт хүчний 256 дугаар анги, 113 дугаар тусгай салбарын алба хаагчид цусаа хандивлах аж.

Хүний биед 5-6 литр цус эргэлдэж байдаг ба нэг удаад цусыг 350-400 граммаар авдаг байна.  Нэг хүнд цусаа бэлэглэснээр гурван хүний амь нас авардаг учраас цусаа өгнө гэдэг хамгийн буянтай үйл бөгөөд нөгөө талаараа цус сэлбэн өөрийн эрүүл мэндийг хамгаалж буй арга юм. БОЭТ-ийн цус авах багаж, хэрэгслүүд нь стандартын шаардлага хангасан нэг удаагийн хэрэглээ байдаг учир аюулгүй болохыг Цусны салбар банкны эрхлэгч н.Долгорсүрэн хэллээ.

Цусаа өгч буй эрэгтэй, эмэгтэй хүн 17 наснаас дээш, 45 кг-аас дээш жинтэй байх шаардлагатай ба 8-аас дээш удаа цусаа өгсөн тохиолдолд нэг удаа үнэ төлбөргүй үзүүлж, оношлуулах эрхтэй байдаг байна. Мөн эрэгтэй хүн 2 сард нэг удаа, эмэгтэй хүн 3 сард нэг удаа цусаа өгч болдог аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ